Тайландын Хаант Улсын Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Чаяда Випаттипумипрат тэргүүтэй төлөөлөгчдийг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Хотуудын хурлын байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өнөөдрийн айлчлал чухал үүрэгтэй. Хоёр орны иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэхэд хотын төлөөлөгчид гүүр болох ёстой. Коронавируст цар тахлын дараа хоёр байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Дипломат, улс төрийн болон албан ёсны харилцаанаас гадна ард түмнүүдийн ахуй соёл, амьдралын онцлогийг мэдэх, ах дүүгийн харилцаатай байх нь өндөр ач холбогдолтой байдаг. Иймд та бүхэн монгол ахуй, орчныг танин мэдэж, ижил төстэй талаа харж, цаашдын хамтын ажиллагаагаа тодорхойлоорой. Та бүхнийг Улаанбаатар хотод тавтай сайхан аялахыг хүсье” гэлээ.
Бангкок хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Чаяда Випаттипумипрат хэлэхдээ “Биднийг найрсгаар хүлээн авсан та бүхэнд баярлалаа. Бангкок хот нь Нийслэлийн ИТХ-тай 11 жилийн өмнө хамтын ажиллагаагаа эхлүүлж байсан. Цаашид ч бидний харилцаа улам бэхжиж, өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна” хэмээв.
Уулзалтад Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Ихбаяр, Б.Эрдэнэсүх, Д.Гантулга, Б.Мягмар, Л.Отгонбаатар нар байлцлаа.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМТ