БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ой Пёньянд удирдагч асан Ким Ир Сений талбайд боллоо. Баярт зориулсан парадыг БНАСАУ-ын удирдагчаас гадна ОХУ-ын дипломат, БНХАУ-ын төлөөлөгч нар үзжээ.
Түүнчлэн Ким Жон Уны охин, “ирээдүйн удирдагч байх магадлалтай” Ким Чү Э олны нүдэнд дахин өртөв. Энэхүү парад Ким Жон Уныг Владивостокт айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзана гэх мэдээлэл цацагдсаны дараахан болж байна. Шинжээчид тэднийг зэвсгийн яриа хэлэлцээ хийнэ гэж таамаглаж буй.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ асуудлаар тодруулга өгөхөөс мөн татгалзсан байна. БНАСАУ байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан мэндчилгээндээ В.Путин “Хоёр орны харилцааг бүх талаар бэхжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ингэснээр Солонгосын хойг болон Зүүн Хойд Ази дахь аюулгүй, тогтвортой байдлыг хангахад тусална” гэжээ. Үүгээр зогсохгүй, БНАСАУ-ыг анх хүлээн зөвшөөрсөн улс бол ЗХУ гэдгийг В.Путин цохон тэмдэглээд хоёр орны харилцаа тэр цагаас хойш "нөхөрлөл, сайн хөрш, харилцан хүндэтгэх зарчмууд" дээр тогтсон гэжээ.
Эх сурвалж: BBC