Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр шигшээ багийн тамирчин Женнифер Эрмосог үнссэн Испанийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчийн үйлдэл олны шүүмжлэлийг ихээр дагуулсан. Ийнхүү хэдэн долоо хоног хэвлэлийнхний сэдэв байсны эцэст Луис Рубиалес албан тушаалаасаа огцорлоо.
Испанийн хөлбөмбөгийн холбооноос түүнийг тус холбооны ерөнхийлөгчийн албан тушаал болон Европын хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгчийн албан тушаалаасаа мөн огцрох хүсэлтээ өгснийг мэдэгдсэн юм.
Тус холбооны удирдах зөвлөл түүний залгамжлагчийг тодруулахаар ээлжит сонгуулиа удахгүй зарлах аж. Рубиалес “хэт их хавчлага”-нд өртөж байгаа тул нэр төрөө заавал сэргээнэ гэсэн юм.
Наймдугаар сарын 20-нд эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ-нд Испанийн баг ялалт байгуулснаар Рубиалес баярлаж, шигшээ багийн тамирчныг талбай дээр үнссэн. Энэ үйлдлийг Испани төдийгүй дэлхий даяар шүүмжилж байсан юм.
Өдгөө 46 настай Рубиалес энэ үйлдэлдээ уучлал хүссэн ч Женнифер Эрмосо өөрт нь хүндэтгэлгүй хандсан гэдгийг тухайн үед хэлж байсан. Огцрохоос нь өмнө Рубиалесыг хөлбөмбөгтэй холбоотой бүхий л үйл ажиллагаанд оролцохыг нь 90 хоног түдгэлзүүлээд байсан билээ.
Эх сурвалж: CNN