Их Британийн засгийн газар ОХУ-ын хувийн батлан хамгаалах байгууллага болох Вагнер бүлэглэлийг террорист бүлэг хэмээн хориг тавих гэж байна. Өөрөөр хэлбэл, тус байгууллагад элсэх эсвэл дэмжсэн тохиолдолд хууль бус гэж үзэх юм байна.
Парламентад өргөн мэдүүлэх захирамжийн төсөлд Вагнер бүлэглэлийн хөрөнгийг террорист өмч хэмээн тодотгож, битүүмжлэх боломж бүрдэж байгаа аж.
Их Британийн дотоод хэргийн сайд Вагнер бүлэглэлийг “В.Путины цэргийн хэрэгсэл” гэж тодоорхойлж байсан удаатай. Түүнчлэн тус бүлэглэлийн Украин болон Африкт явуулж байгаа үйл ажиллагаа нь дэлхийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж байна гэж үзжээ.
Вагнер бүлэглэл Украинаас гадна Сири, Ливи, Мали зэрэг улсуудад үйл ажиллагаагаа явуулж байсан. Вагнерын хөлсний цэргүүд Украин дахь энгийн иргэдийн амь насыг хөнөөж, тэдэнд ноцтой гэмтэл учруулсан зэрэг олон гэмт хэрэгт буруутгагддаг. Тухайлбал, 2020 онд АНУ Вагнер бүлэглэлийг Ливийн нийслэл Триполи хотын эргэн тойронд мина байрлуулсан гэж мэдэгдэж байсан.
Мөн 7-р сард Их Британийн зүгээс Вагнер бүлэглэлийг Мали болон Төв Африкт хүмүүсийг цаазаар авч, олон гэмт хэрэг үйлдсэн гэж хэлж байсан юм. Энэ оны эхээр Вагнер бүлэглэлийн тэргүүн асан Е.Пригожин ОХУ-ын эрх баригчдын эсрэг бухимдлаа хүчтэй илэрхийлж эхэлсэн.
Улмаар 6-р сарын сүүлээр Е.Пригожин болон Вагнерын цэргүүд ОХУ-д бослого гаргаснаар Вагнер бүлэглэл цаашид хэрхэх эсэх нь асуулт болж үлдсэн юм. Харин Е.Пригожин саяхан онгоцны ослын улмаас нас барсан гэж ОХУ мэдэгдсэн. Ийн тус бүлэглэл Боко Харам, Хамас бүлэглэлийн адилаар Их Британийн хориглосон бүлэглэлүүдийн нэг болж байна.
Учир нь тус улсын Терроризмын тухай хууль нь террорист үйлдэл гаргасан гэж үзсэн тохиолдолд дотоод хэргийн сайд хориг тавих эрхийг бүрдүүлж өгсөн. Харин уг хоригийг зөрчсөн тохиолдолд 14 жил хүртэлх ял ногдуулах, эсвэл 5000 фунт стерлингээр торгох зэрэг шийтгэлүүд багтдаг.
Эх сурвалж: BBC