Өдгөө Английн Лондон хотноо ажиллаж буй Youtuber Б.Оргилыг урьж ярилцлаа. Түүнийг дэлхийн 10 гаруй хэлээр ярьдаг гэдгээр нь Монголчууд андахгүй. Б.Оргил эх орондоо ирээд байх үеэр нь ярилцаж, боломж, зорилгынх нь талаар хуваалцлаа. Ингээд түүний яриаг хүргэе.
“СОШИАЛ ЗАХ ЗЭЭЛ ДЭХ МИНИЙ КАРЬЕР ОДОО Л ЭХЭЛЖ БАЙНА”
Намайг Оргил гэдэг. Би Английн Лондон хотноо ажиллаж амьдардаг. 2009 оноос хойш 14 жил Англид амьдарч байна. 10 жилээ, их сургуулиа тэнд төгссөн. Youtube сувгийн продюсер хийдэг. Энгийн тайлбарлавал, цахим хуудсанд оруулж байгаа бичлэгүүдийн бүхий л зүйлсийг хариуцна гэсэн үг. Дэлхийн 10 гаруй улсад байгаа “editor”-уудыг нэгтгэж ажилладаг. Нэг видеогоо арван хэдэн хувилбараар бэлтгэж, удаан хугацаанд буюу хэдэн сарын хугацаанд сайжруулан бэлтгэж байж цацдаг. Мэргэжил маань мэдээллийн технологийн /IT/ чиглэлийнх. Үүнтэйгээ уялдуулаад, туршлага хуримтлуулахаар энэ зах зээлийг сонирхож эхэлсэн.
Ирээдүйд би кино найруулагч болох сонирхолтой. Одоо хийж байгаа ажил маань энэ зорилгод маань ч илүү сайн нийцэж байгаа байх. Яг одоо бид анхаарлын зах зээлд байгаа гэж олон хүн ярьдаг. Анхаарлын эдийн засаг ч гэж нэрлэдэг. Түүнд би итгэдэг. Youtube зэрэг онлайн зах зээлд өмнө нь орохгүй яав даа гэж харамсдаг хүн олон байдаг. Миний бодлоор, танд одоо ч боломж байна. Энэ зах зээл улам өргөжинө, улам том болно. Энэ ажлыг хийснээрээ би өөрийнхөө боловсролыг олж авч байна. Үүнийгээ би их сургуулийн дайтай үнэлж, их сургуульд сурч байна гэж боддог. Сошиал зах зээлийн сургуулиа би одоо төгсөж байна. Энэ цаг үеэс эхлээд миний карьер энэ зах зээл дээр эхэлж байгаа гэж бодож байгаа.
“YOUTUBE” СУВАГ АЖИЛЛУУЛДАГ КОМПАНИУД ТЭРБУМ ТЭРБУМ ДОЛЛАРООР ҮНЭЛЭГДЭЖ БАЙНА
Mr.Beast гэдэг нэртэй 1998 онд төрсөн, 25 настай залуу бий. Түүний байгуулсан Youtube сувгийг, компанийг нь 1 тэрбум доллараар худалдаж авъя гэсэн санал ирэхэд татгалзсан. Тэр хүн хэдэн тэрбумаар үнэлэгдэх том зах зээлийг бий болгож чадсан гэдгээ мэдсэн учраас компаниа зараагүй гэсэн үг. Манай Youtube компанийн захирал гэхэд 1996 оны 27 настай залуу байдаг. Одоо 70,80 хүний бүрэлдэхүүнтэй багаа ажиллуулж байна. Энд маш том зах зээл байгаа, энэ боломжийг Монголчууд бид ч гэсэн ашиглаж болно гэж боддог.
Тийм ч учраас би нэг төсөл эхлүүлж байгаа. Тэр нь Монгол хүүхдүүд эх орныхоо тухай Англи хэл дээр бүтээлч видео бэлтгэх. Хамгийн сайн хандалттай, Монголыг гадаад руу сурталчилж чадсан контентыг сар бүр шалгаруулж, 1 сая төгрөгийн шагнал өгөхөөр зэхэж байна. Мөн ТОП 5,10 байрыг шалгаруулж, өөрийнхөө хэлний курст сурах эрх олгоно. Монголчууд интернэт ашиглаж, амьдралаа дээшлүүлэх боломж байгаа учраас бүгдээрээ л ашигламаар байгаа юм. Би анх 2009 онд Англи улсад оччихоод аккаунт нээгээд сургуулийнхаа хүүхдүүдийн бичлэгийг оруулдаг байсан. Дараагаар нь дууны үгнүүдийг сабтайтл болгож оруулдаг болсон. Зохиогчийн эрхийн асуудал үүссэн учраас удалгүй зогсоосон. 2015 оноос тоглоомын суваг үүсгэж, тоглож байгаа тоглоомынхоо тухай бичлэгийг оруулдаг болсон. Тэр үеэс 1,2 доллараас эхлээд Youtube-ээс мөнгө авч эхэлсэн. 2016-2017 онд сонирхол маань ч өөрчлөгдөөд, ном уншиж, хэл сурах, өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү сонирхолтой болсон. Одоо яг тэр чиглэлээрээ явж байна.
“СОШИАЛ КОНТЕНТ БҮТЭЭХДЭЭ МАШ ЖИЖИГ ХЭСГЭЭС ЭХЛЭХ ЁСТОЙ”
Сошиалд “тоглож” эхэлж байгаа хүн маш нарийн, жижиг хэсгээс эхлэх ёстой. Марк Зукерберг анх фэйсбүүкийг нээхдээ зөвхөн Харвардын оюутнуудад зориулсан. Дараа нь АНУ-ын ТОП их сургуулиудын хэмжээнд болгож тэлсэн. Аажмаар тэлсээр байж одоо дэлхийд ноёрхож байна. Миний хувьд ч гэсэн энэ зарчмын дагуу гадаад улсын тухай контент хийх зорилгоо хэрэгжүүлэхдээ Монголынхоо тухай контентоор эхэлж байна.
Гадаадад сурах нь зөв. Гэхдээ эх орондоо заавал эргэж ирэх ёстой гэж би боддог. Би өөрөө ч хангалттай олон жил гадаадад ажиллаж, амьдраад үзсэн хүний хувьд ирэх жилээс Монголдоо бүрмөсөн ирж амьдрах төлөвлөгөөтэй байгаа. Анх удаа гадаад явж сурах гэж байгаа хүнийг бол ойлгоно, дэмжинэ. Гэхдээ бидэнд интернэт байна шүү дээ. Би тэр олон хэлийг сурахдаа тухайн оронд нь очиж үзээгүй. Франц хэлээр ярьдаг ч Францад очиж үзээгүй. Италид ч очиж үзээгүй. Харин интернэтээр хичээл заадаг, Итали, Франц багш нар надад бий. Аппликэйшнүүдийг ашигладаг. Онлайнаар зөндөө олон мэдээллийг олж авдаг.
“ГАДААД ХЭЛ СУРАХ ГОЁ ДОО” ГЭЖ БИШ “СУРАХААС ӨӨР АРГА БАЙХГҮЙ” ГЭЖ БОД
Одоогоор би 4,5 хэлээр сайн ярьж чадна. 10 гаруй хэлийг өөр өөр түвшинд сурч байна. Хэл зүй гэдэг зүйлд сонирхолтой. Түүнээсээ улбаалаад улс орны түүх, соёл гэх мэт зүйлсийг сонирхон судалдаг. Хэлээ сайжруулсан тухайд яривал, би Франц хэлийг сурснаас хойш миний Англи хэл маш сайн болсон. Англи хэлний 30-40 хувьд Франц гаралтай байдаг. Герман хэл сурахад бас л сайжирсан. Яагаад гэвэл Англи хэл Герман гаралтай. Нэгийг сурахад нөгөө хэлэндээ нөлөө үзүүлдэг учраас хэл сурах маш их урамтай. Би ер нь хэл сурах гэдэг зүйлд донтсон гэж хэлж болно.
Хүнд сониуч зан маш чухал. Би сониуч зангаараа хэл сурдаг. Миний нэг нууц нь өөрийгөө шахалтад оруулдаг. 2017 онд би таван хэлээр ярьж байна гэдэг видеог оруулсан. Түүнээс хойш тэр хэлүүдийг үнэхээр сайн сурахаас өөр аргагүй байдалд өөрийгөө оруулсан. Хүмүүс намайг тэр хэлээр ярьдаг залуу гээд мэдчихээр хэн ч гудамжинд надтай таараад Хятадаар, Италиар яриад эхлэхэд би мэдэхгүй байвал хэцүү. Хүмүүс яагаад сурдаггүй вэ гэхээр “Хэл сурах нь гоё доо” гэсэн бодолтой байдаг болохоос биш, сурахаас өөр аргагүй гэдэг байдалд өөрийгөө оруулдаггүй. Орчинд нь очсон хүн амьдралаа залгуулахын тулд заавал сурах ёстой гэсэн шахалтад өөрийгөө оруулдаг учраас сурдаг. Би өөрөө хэл сурч байгаа тухайгаа видео хийж байна гэдэг нь өөрийгөө шахалтад оруулж байгаа нэг хэлбэр гэсэн үг.
“САЙН ДАДЛЫГ БАГА БАГААР ӨӨРТӨӨ ХЭВШҮҮЛСЭН”
Намайг Англид тогоочоор ажиллаж байхад манай ахлах тогооч надад хэлж байсан юм. "Чи хэрэгслээ сайн арчлах юм бол хэрэгсэл чинь чамайг сайн арчилна” гэсэн. Түүн шиг, таны бие өөрөө хэрэгсэл гэж үзэх юм бол биеэ сайн арчлах тусам бие чинь таныг эргээд арчилна гэсэн зарчмаар явдаг. Би фитнест явж, дасгал хийж хөлсөө гаргахгүй бол миний зан ааш хүртэл муухай болчихдог. Илүү амархан бухимдах, бууж өгөх гээд байдаг. Энэ нь миний үүрэг. Би олон жилийн турш нэг нэгээр нь нэмсээр байгаад ном унших, дасгал хийх зэрэг дадлуудыг хэлэлцээр хийх боломжгүй буюу заавал хийх ёстой зүйл гэж үздэг болсон.
“ЭХ ОРОН ГЭДЭГ ХАМГИЙН ҮНЭ ЦЭНТЭЙ. ИРЭХ ЖИЛЭЭС МОНГОЛДОО ИРЖ АМЬДАРНА”
Хүнд эх орон байна гэдэг нь маш үнэ цэнэтэй. Би Англид хүүхэд байхаасаа амьдраад, тэнд 10 жилээ төгссөн учраас цэвэр англи хүн шиг ярьж чадна. Гэхдээ хэзээ ч би тэр оронд Англи хүн шиг нь байж чаддаггүй. Үргэлж гаднын хүн байдаг. Манай үеэл ч, манай хүү ч гадаадад төрсөн. Гадаадад төрсөн Монгол хүмүүсийг анзаарахад Монголдоо ч, гадааддаа ч гаднын хүн шиг л байдаг. Тэр хүнд өөрийн гэсэн газар байхгүй байх үнэхээр хэцүү байдаг. Еврейчүүд, Палестинчүүд ямар хэцүү байдаг билээ. Түүнийг гадаадад гарсан хүмүүс бүгд сайн ойлгодог. Би гадаадаас видео хийж байна гэдэг нь гадаадаас Монгол руугаа чадах ядахаараа хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Эх орныхоо дутууг нь нөхөж, хөгжүүлснээр бид үр хүүхдэдээ илүү сайхан орчныг л бүрдүүлнэ. Тийм учраас энэ бол бид бүхний хариуцлага. Тийм учраас Монголынхоо ядуурлыг бууруулах, ДНБ-ыг өсгөх юмсан гэсэн зорилготой явдаг.
Төр засагт мэдээж асуудлууд байгаа. Монголчуудад бусад орныхонд байдаг боломжууд байдаггүй. Би алийг нь ч үгүйсгэхгүй. Миний хувь хүний үзэл юу вэ гэвэл манлайлал гэдэг зүйл заавал дээрээсээ байх шаардлагагүй. Доороосоо ч байж болно. Өөрөөр хэлбэл, та ажилчин байсан ч гэсэн зохих хэмжээнд манлайлж болдог. Таны үзэл бодол, хандлага үүнд маш чухал. Төр засгийг хүлээж суух биш, би ямар өөрчлөлт хийж чадах вэ гэдгээ хүн бүр бодох хэрэгтэй. Магадгүй би видео хийж, эсвэл өөрийнхөө боловсролыг дээшлүүлж болно. Баг байгуулаад, улсдаа хэрэгтэй зүйлийг хийж болно. Тэр талаас нь харах ёстой байх гэж боддог.
Ярилцлагын видео хувилбарыг дээрээс үзнэ үү.