Түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос хэрэгжүүлж буй богино, дунд хугацааны бодлогоо танилцууллаа.
Монгол улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Бид түгжрэлийн эсрэг бодлогоороо дөрвөн гол зүйлд төвлөрч ажиллаж байна. Нэгдүгээрт, нийтийн тээврийг шинэчлэх. Нийтийн тээврийн салбар дампууралд хүрч байна. Тиймээс энэ салбарт төсөв хөрөнгө гаргуулж ажиллахыг эрмэлзэж байна.
Хоёрдугаарт, зорчих хөдөлгөөнийг зохицуулахтай холбоотой багц асуудлууд. Жишээ нь замын хөдөлгөөний зохицуулалт, хашаа буулгах, дундын болон эцсийн буудлын асуудлуудыг шийдэх гэх мэт.
Гуравдугаарт авто замын сүлжээг өргөтгөх буюу холбоос замын асуудал. Ялангуяа энэ жил маш их замын ажлуудыг хийж байгаа.
Дөрөвдүгээрт хот төлөвлөлтийн асуудал. Улаанбаатар хотын ерөнхий хөгжлийн төлөвлөгөө 2040, Хөгжлийн чиг хандлага 2050-ийг хуульчилж баталгаажуулах. Ерөнхий сайд энэ төлөвлөгөөд гаднын мэргэжилтнүүдийг оролцуулж нэлээн хэмжээний тооцоолол гаргах шаардлагатай гэж үзэж байна. Хот төлөвлөгөөнд захирагддаг байх ёстой.
Эдгээр чиглэлд тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.
Улаанбаатарт зорчих хөдөлгөөний 64 хувийг хувийн авто машин эзэлдэг. Тиймээс нийтийн тээврээр зорчих тоог нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллаж байна.
Үүнээс гадна тайлбарлан таниулах ажил явагдаж байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хөдөө амьдрах нь сайхан, аялал жуулчлалын тоо нэмэгдэж байгаа хэрээр боломж нээгдэж байна зэрэг санааг сурталчлах бодлого хэрэгжиж байна.
2025 онд “Тэг” зогсолт хийх магадлалтай байгааг хилээр шинээр орж ирж буй машины тооноос харж болно. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 59,000 машин хилээр орж ирсэн байна. Ийм тооны машин өмнө нь жилийн хугацаанд орж ирдэг байсан. Өмнө нь ашигладаггүй, хуучирсан машинуудыг ашиглалтын тооноос хассан байсан учир Улаанбаатарын машины тоо их нэмэгдээгүй мэт харагдаж байгаа. Хүн амын хувьд авч үзвэл 2030 онд Улаанбаатар хот хоёр сая орчим оршин суугчтай болно. Иймээс түгжрэлийг бууруулахаас илүү яаж дордуулахгүй байх вэ гэдэг дээр анхаарч ажиллах болоод байна” гэлээ.
Б.Аззаяа