Булган аймагт айрагны хөшөө босгосон нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Учир нь, тус аймгаас УИХ-д сонгогдсон Ц.Анандбазар нарын гишүүд нь “Айрагны хөшөө босголоо” хэмээн бахархалтайгаар зарлаж, зураг хөргөө авхуулсан нь цахим орчинд хөвөрч байна.
Ц.Анандбазар УИХ-д Булганчуудыг төлөөлөхдөө хөшөө босгож, шатахуун тараахаас өөр юу хийсэн бэ” хэмээн иргэд буруутгаж байна. Үнэхээр ч хууль тогтоогч Ц.Анандбазар орон нутагтаа өнгөрсөн дөрвөн жилд юу хийсэн бэ гэдэг нь эргэлзээтэй. Хэрэв үнэхээр бодлогоор дэмжиж, сум орон нутгийнхаа хөгжилд бодитоор анхаарсан бол эдийн засгийн үзүүлэлтүүд нь сайжрах ёстой байлаа.
Аймгуудын өрсөлдөх чадварын үнэлгээр жил бүр нэгтгэн гаргадаг. Энэ дүнгээр аймгуудыг 100 хүртэлх оноогоор үнэлдэг юм. Ингэхдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд нийт 174 шалгуур үзүүлэлтээр үнэлж тооцдог. Мөн 21 аймгийн бизнес эрхлэгчдээс авсан санал асуулгын мэдээллээс бүрддэг байна. Энэ дүнгээр Булган аймагт 2022 онд 47 оноо авч, сүүлээсээ гуравт жагссан байна. Өөрөөр хэлбэл, хөгжлөөрөө сүүл мушгиж байна. Гэвч Булганаас сонгогдсон гишүүн нь хөшөө барих төдийд сэтгэж явна. Уг нь, хөшөө барих төсвөөрөө Булган аймагт ажлын байр бий болгоход анхаарсан бол, иргэдэд хэрэгтэй ажил санаачилсан бол нүдээ олох байлаа.
Айргаар ч зогсохгүй, Ц.Анандбазар гишүүн өнгөрсөн хугацаанд хүчингийн хэрэгт нэр холбогдож, ёс зүйн хариуцлага хүлээхийг олон нийт шаардсан. Гэвч хэрэг нь гэнэт замхарч, хэрэгсэхгүй болсон юм. Тиймээс олон нийт Ц.Анандбазар гишүүн хууль тогтоогчийн хувиар гишүүний тангаргаа баримталж чадсан уу гэх асуултыг түүнээс асуусан хэвээр байна.
УИХ-ЫН ГИШҮҮНИЙ ТАНГАРАГ
Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангарагаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ.