Өчигдөр буюу долоодугаар сарын 10-ны өдөр Хүй долоо худагт шүдлэн насны морьдын уралдаан маргаан дагуулсаар дууссан юм. Тодруулбал, түрүүлж давхиж ирсэн шүдлэн насны хоёр морьдыг зурхайд орж ирэхийн өмнө, морь бариач хар шүдлэнгийн өмнүүр орж, замыг нь хаасан явдал байв.
Энэхүү бичлэг цахим орчинд тархаж иргэдийн зүгээс шударга бус уралдаан, морины комисс шийдвэрээ эргэж харах нь зүйтэй хэмээн үзэл бодлоо илэрхийлсээр байна. Уралдааны дүнгээр Манлай ХХАА-н сайд асан уяач З.Мэндсайханы шарга үрээ түрүүлж, удаах байранд Сонгинохайрхан дүүргийн уяач Б.Пунцагбалжирын хар үрээ айрагдсан. З.Мэндсайхан энэ талаар өөрийн твиттер хуудсандаа “Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа. Комисс шийдвэрээ эргэж харах байх аа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү авахыг ерөөе, хүлэг нь хурдан байг ээ” гэж жиргэсэн юм.
Үүнийхээ дараа өөрийн хуудсандаа "Хурдан морины салбар хороон дарга Ганхуягт бичлэг дахин нягталж өгнө үү гээд хүсэлтээ өгчихлөө. Технологи хөгжсөн өнөө үед морь бариач байх ёстой юу? Дүрэм журмаа эргэж хармаар л юм байна даа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ олон наадмын түрүү аваарай гэж ерөөе" хэмээн тайлбар оруулжээ.