Булган аймгийн Булган сумын өглөө шиврээ бороотой, манан татсан сэрүүхэн эхэллээ. Өглөө эртлэн босож, Булган сумын цэцэрлэгийн жижүүр Б.Хатанбаатарынхыг зорилоо. Б.Хатанбаатар эхнэр Б.Наранцэцэг нар гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэд төрийн албанд ажиллахын зэрэгцээ ус цэвэршүүлэх үйлдвэр ажиллуулан, аймгийн иргэд, албан байгууллагын цэвэр усны хэрэгцээг хангадаг хөдөлмөрч гэр бүл.
Б.Хатанбаатарынх энэ хашаандаа найман жил амьдарч байгаа аж. “Өөдлөх айл үүднээсээ” гэдэг шиг хашааны хаалгаа хээ хуараар чимэглэж, өнгө ялган буджээ. Хаалгаар нь орвол яг л хүүхдийн цэцэрлэг үү гэмээр хөөрхөн амьтдын хэлбэртэй цэцгийн саванд шар, ягаан гээд өнгө өнгийн цэцэг тарьжээ. Хун хэлбэрийн цэцгийн савны хажууд усан оргилуур, сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай ч байлаа. Жаахан цааш явбал нарийн ногооны хоёр хүлэмж, хүнсний ногооны талбай, аньс, чацарганын модод гээд амьдралд хэрэгцээтэй бүхэн бүрджээ. Шиврээ борооны чимээг сонсон амар тайвныг мэдэрч байхтай зэрэгцэн “Гүүгүгү, гүгүгүүгү” гэх тахианы донгодох сонстов. Эднийх хориод тооны тахиа тэжээж, гэр бүлийнхээ өндөгний хэрэгцээг хангадаг. Тэд “Орчин үед эрүүл, аюулгүй, гений өөрчлөлтгүй хүнс худалдаж авч хэрэглэнэ гэдэг тун хэцүү болсон. Тиймээс гэр бүлдээ эрүүл хүнс хэрэглэж, эрүүл, зөв амьдралын хэв маягийг хүүхдүүддээ зааж, сургахын тулд өөрсдөө хэрэгцээт хүнсээ тарихаар шийдсэн” гэв.
Б.Хатанбаатар, түүний гэргий Б.Наранцэцэг нар Булган аймгийн Булган сумандаа төрж, өссөн уугуул иргэд. Нэг нутгийн учраас цэцэрлэгт байхаасаа л биесээ мэддэг. Үерхэж, нөхөрлөж явсаар гэр бүл болон арав гаруй жилийг ардаа үдэж, гурван хүүхдийн аав, ээж болжээ. Нөхөр Б.Хатанбаатар “Ханьтайгаа гэр бүл болоод 10 гаруй жил болсон байна. Би урьд нь уурхайгаар л явдаг байлаа. Тэгж явсаар олигтой ч амьдраагүй байсан. Ханьтайгаа учирснаас хойш төрийн байгууллагад ажилд орж, хамт олонтой боллоо. Гурван сайхан хүүхэдтэй боллоо. Эхнэр, хүүхэдтэй болсноос хойш их сайхан амьдарч байна. Би чинь ханийнхаа үгээр л явдаг. “Миний хань тэг, ингэ” гэхээр хэлсэн үгээр нь л байдаг. Ингээд хэлэхээр зарим хүмүүс “Авгайдаа атгуулчихсан” гээд л сонин зүйл ярьдаг. Үгүй, хүний хань айхтар буруу зүйл хэлэхгүй. Бид бие биеийн хэлсэн үгийг сайн хүлээж аван, хамтдаа ярилцаж, шийдлээ олдог” гэж ярихад нь нэгнээ хүндэлдэг, хоорондоо ойлголцож, итгэж чаддаг гэр бүл гэдэг нь харагдаж байлаа.
Тэд “Булган хангай” гэх цэвэршүүлсэн ус үйлдвэрлэж, өөрсдөө хүргэлтээ хийж, мөс болгон хөлдөөгөөд савлаж зарах гээд үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хөдөлмөрлөдөг. Нөхөр Б.Хатанбаатар Замын-Үүдэд “Ноён арвай” гэх авга ахынхаа ажиллуулдаг ус цэвэршүүлэх үйлдвэрт ажилладаг байжээ. Тэндээс санаа аван, нутагтаа ирээд үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Анх үйлдвэрээ нээхэд Булган аймгийн иргэд цэвэршүүлсэн усаа Эрдэнэтээс зөөдөг байж. Харин одоо “Булган хангай” усаа хүргэлтээр цэнэглүүлж, холоос зөөх шаардлагагүй болсон тул нутгийн иргэд ам сайтай болсон байна.
Тэд үйлдвэрээ гурван жилийн өмнөөс төлөвлөж, худгаа ухуулж, бага багаар бэлдэж, хөдөлмөрлөсөөр 2022 онд эхлүүлээд, хэдий нь нэг жил болжээ. Ус цэвэршүүлэх үйлдвэр нь цагт хоёр тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Одоогоор аймгийн эрэлтэд тохируулан өдөрт 50-60 баллон ус үйлдвэрлэдэг. Мөн 30-40 таван литрийн ус үйлдвэрлэн, дэлгүүрт тавьдаг аж.
Эднийх 130 метрийн гүний худагтай. Гүний худгаасаа албан ёсны зөвшөөрөлтэй, нэг тонны багтаамжтай нөөцийн сав руугаа татан, үйлдвэр рүүгээ оруулдаг. Чулуу, нүүрс, зөөлрүүлэгч гээд хүнд хэрэгтэй амин дэмээр эрдэсжүүлэн, дөрвөн төрлийн шүүлтүүрт шүүснээ усаа савладаг байна.
Худгийн хатуулгийн хэмжээ нь 110-тай гардаг. Харин цэвэршүүлсний дараа 8 болдог тул цэвэршүүлэлт маш сайн гэж үздэг аж. Ус бол хүний анхдагч, хамгийн чухал хэрэглээ. Түүнийг цэвэршүүлж, үйлдвэрлэж байгаа хүн эрүүл байх ёстой. Тиймээс улирал бүр шинжилгээ өгч, сав, уснаасаа дээж аваад, лабораторид шинжлүүлдэг.
“Булган хангай” усыг анх авахад 25 мянган төгрөг. Авсны дараа таван мянгаар цэнэглэдэг гэнэ. Тэд цаашдаа орон нутгаасаа дэмжлэг авч чадвал 0,5, 0,33, 1,5 литрийн хэмжээтэй цэвэр ус хийх зорилготой аж. Үйлдвэрээ томруулж, бусад аймгууддаа түгээхийг хүсдэг гэлээ. Ингэснээр орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж, орлого бүрдүүлэх, ажлын байр бий болгох зэрэг олон сайхан зүйл төсөөлөн, хөдөлмөрлөсөөр байна.
Гэргий Б.Наранцэцэг “Бид энэ өрхийн үйлдвэрээ эхлүүлэхэд их бэрхшээлийг туулсан. Нөхрийнхөө ажилч, хичээнгүй, архи тамхинаас хол зан чанарыг нь илүү хүндэлдэг. Нөхрийн маань ажилч хичээнгүй, тусч зан чанарууд нь энэ үйлдвэрлэлийг явуулахад маш их түлхэц болдог” гэв.
Нөхөр Б.Хатанбаатар “Манайх хашаандаа эко ариун цэврийн өрөө хийсэн. Соруулдаг хэлбэрээр шийдсэн. Эхнэр, хүүхдүүдэд маань маш их таалагдаж байгаа. “Эзэн хичээвэл Заяа хичээнэ” гэж өөрсдөө хичээж чадвал гар доорх материалаар ариун цэврийн хэсгээ хүртэл өөрсдөө хийж байна. Болгоно, бүтээнэ гэсэн сэтгэл байхад бүх л юуг ч хийж болдог юм байна. Ханьтайгаа ярилцаж байгаад л бүхнийг хийдэг дээ” гэсэн юм.
Гэргий Б.Наранцэцэг “Хөдөө орон нутаг их тайван, ажил төрлөө хөөцөлдөхөд ямар ч стрессгүй. Булган нутаг маань сайхан тайван, амьдрах боломж, бололцоо хангагдсан сайхан газар.
Хүн бага багаар ажиллаад, хөдөлмөрлөөд, сэтгэл гарган, шантрахгүйгээр зүтгэвэл амьдрал аяндаа дээшээ байдаг юм байна гэдгийг бид хоёр ойлгож байна. Залуучууд сум орон нутаг руугаа чиглэн, орон нутгийн хөгжилд гар бие оролцон, сэтгэл амар сайхан амьдраасай л гэж хүсэж байна” гэв.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.