Украины дайн Оросын эрх баригчдыг дотроос нь сүйрүүлж байна гэж АНУ-ын Тагнуулын төв газрын (ТТГ) захирал хэллээ. Түүнчлэн энэ нөхцөл байдал нь ТТГ-т шинэ мэдээлэл цуглуулах таатай орчинг бүрдүүлж байна гэжээ. Америкийн шилдэг тагнуул гэгдэх Уильям Ж.Бөрнс Вагнерын тэргүүн Евгений Пригожин бослого гаргаснаас хойш долоо хоногийн дараа ярьж буй нь энэ юм. Тэрбээр өнгөрсөн бямба гарагт Пригожин Москва руу давшсан нь хүн бүр ОХУ-ын эрх баригчдад эргэлзээ үүсгэхэд хүргэснийг онцоллоо. Тухайлбал, Пригожины үйлдэл нь "Путины дайн өөрийн нийгэм, өөрийн дэглэмд ямар нөлөө үзүүлж байсныг тод харуулсан" гэсэн юм. Түүнчлэн энэ нөхцөл байдал цааш үргэлжилбэл Путины дэглэмд хямрал үүсэх тухай тэрбээр сануулсан юм. Саяхан АНУ-ын Тагнуулын төв газар Оросын ард түмэнд хүрэхийг оролдохын тулд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шинэ кампанит ажил эхлүүлсэн бөгөөд ингэхдээ оросуудын өргөн ашигладаг Telegram дээр нэгэн бичлэг цацсан. Энэхүү кампанит ажлын хүрээнд ТТГ-тай харанхуй вэб дээр хяналт тавихгүйгээр хэрхэн холбогдох талаар зааварчилгаа өгсөн байна. Энэ бичлэгийг эхний долоо хоногт 2.5 сая хүн үзсэн байна. Өмнө нь 2005-2008 онд ОХУ-д АНУ-ын Элчин сайдаар ажиллаж байсан Бернс сүүлийн хорин жилийн хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг судалж байгаа нэгэн билээ.