Улаанбаатарын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй бүтээн байгуулалтуудын нэг нь Зайсангийн төмөр бетон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажил юм. Хуучин гүүрийн баруун талд шинээр баригдаж буй 225 метр урт гүүрийн барилгын ажил өнгөрсөн оны есдүгээр сард эхэлсэн. Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн энэ ажлын явцтай танилцлаа. Шинэ гүүрийн бүтээн байгуулалтын ажил одоогоор 92 хувьтай байгаа бөгөөд наймдугаар сарын эхээр нээхээр төлөвлөж буйг гүйцэтгэгч компани онцолж буй.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн:
Зайсангийн гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Зам барилгын ажил явуулахад аж ахуйн нэгжийн эзэмшлийн газар өртсөн тул техник хэрэгсэл оруулж чадахгүй байгаа асуудал тулгарч байна. Нийслэлийн зүгээс үүнийг шийдэхэд анхаарна. Ер нь бүтээн байгуулалтын явцад тулгарч байгаа асуудал, бэрхшээлийг төр, хувийн хэвшилтэйгээ хамтран ажиллах замаар л шийднэ. Түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа бүх төсөл, хөтөлбөр дээр нийслэлийн зүгээс шуурхай баг гарч, гүйцэтгэл дээр нь өдөр тутмын хяналт тавьж ажиллаж байгаа, үр дүн нь ч гарч буй хэмээлээ.