Мексик болон АНУ-ын өмнөд хэсгийн эрх баригчид өндөр температур бүс нутгийг хамарч, цахилгаан тасарч, нөөц багасах эрсдэл нэмэгдсээр байгаа тул халуунаас үүдэлтэй нас баралт нэмэгдэж байгааг анхаарууллаа. Пүрэв гарагийн байдлаар АНУ-ын Техас, Луизиана мужуудад хэт халалтын улмаас 14 хүн амиа алдсан байна.
Мөн лхагва гарагт Мексикийн эрх баригчид энэ он гарсаар 112 хүн халууны улмаас нас барсан, үүний дотор энэ сард ердөө нэг долоо хоногт 69 хүн нас барсан гэсэн тайланг нийтэлжээ.Мексикийн эрүүл мэндийн яамны мэдээлснээр энэ нь 2022 онд 42 болж дээд цэгтээ хүрсэн халууны улмаас нас барсан нийт тооноос бараг гурав дахин их байгаа юм. Үүний зэрэгцээ тус улсад сүүлийн хэдэн долоо хоногт 40 хэм хүртэл халсан байна. Техастай хиллэдэг Мексикийн Нуэво-Леон зэрэг хойд мужуудад халуунд цохиулах, шингэн алдалтын улмаас нас барсан тохиолдол мөн олноор бүртгэгджээ.