НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Беларусьт Оросын хувийн батлан хамгаалах байгууллага “Вагнер” бүлэглэл ирсэн нь Зүүн Европын аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзэж буйгаа хэлжээ.
Тиймээс НАТО энэ бүс нутаг дахь гишүүн орнуудаа хамгаална гэж тэрбээр мэдэгдсэн байна. Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко зуучилсны дагуу Вагнер бүлэглэлийн тэргүүн Мягмар гарагт тус улсад ирсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй.
Энэ талаар Литва улсын ерөнхийлөгч Гитанас Науседа “Хэрвээ Вагнер хөлсний алуурчдаа Беларусьт байршуулбал, хөрш орнууд нь маш том аюултай нүүр тулгарах болно” гэжээ. Түүнчлэн ирэх сард Литвад зохион байгуулагдах НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Вагнерын асуудлыг авч хэлэлцэнэ гэдгийг Польшийн ерөнхийлөгч Анджей Дуда хэлжээ.