56 настай Лян Ши олон талаараа амжилттай амьдарчээ. Тэрбээр янз бүрийн салбарт ажиллаж, хувийн бизнесээ нээж, гэрлэж, хүүтэй болсон. Гэвч түүнд хараахан хүрч чадаагүй нэг зорилго бий. Тэр нь Хятадын элсэлтийн шалгалтад хангалттай оноо авч шилдэг их сургуульд орох аж. Лян Ши энэ сарын эхээр "гаокао" гэгддэг хоёр өдрийн хүнд хэцүү шалгалтыг улсын хэмжээнд 13 сая орчим сурагчийн хамт өгсөн. Тэрбээр анх 40 жилийн өмнө энэ шалгалтыг өгсөн цагаасаа хойш оноондоо сэтгэл хангалуун бус байсаар ирсэн ба энэ жил 27 дахь удаа энэ шалгалтыг өгч буй нь энэ юм.
Хятадад элсэлтийн шалгалтын дүн бол коллежид элсэх цорын ганц шалгуур байдаг бөгөөд жилд нэг л удаа авдаг. Гэвч энэ жил тэрбээр зорилгодоо дахиад хүрч чадсангүй. Хятадын ТикТок гэж хэлж болох Douyin платформ дээр Лян Ши бичлэг хийж, өөрийнхөө гүйцэтгэлд "маш сэтгэл хангалуун бус байна" гэжээ.
Тэрбээр нийт 750 онооноос 428 оноо авсан нь өмнөх жилийн үр дүнгээс доогуур үзүүлэлт бөгөөд түүний олон арван жилийн турш орохыг хүсэж байсан Сычуаны их сургууль шиг том коллеж байтугай ихэнх коллежид ороход хангалтгүй оноо байв. Гэсэн ч түүний түүх олон хүнд үлгэр дууриалал болж байгаа ба нөгөө талаас, Хятадад боловсролыг ямар түвшинд үнэлэгддэгийг харуулсан хэрэг боллоо гэж хэвлэлүүд онцолж байна.