БНСУ-ын тэргүүн хатагтай Ким Кеон Хи Солонгосын соёл урлагийг хилийн чанадад сурталчлах “К-соёлын борлуулагч” болно гэж найдаж байгаагаа АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. Даваа гарагт хэвлэгдсэн Artnet News хэмээх онлайн урлагийн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа БНСУ-ын тэргүүн хатагтай Марк Ротко зэрэг зураачдын томоохон үзэсгэлэнг зохион байгуулж байсан туршлагаа дурдаж, Өмнөд Солонгос, АНУ-ын хооронд соёлын гүүр болж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр ерөнхийлөгч Юн Сук Ёолыг тангараг өргөснөөс хойших гадаадад хийсэн айлчал, эсвэл олон улсын нэр хүндтэй хүмүүстэй уулзах үеэрээ Солонгосын соёл, урлагийн нэр хүнд олон улсад ихээхэн өссөнийг мэдэрсэн гэжээ. Ким Кеон Хи олон төрлийн салбарыг сонирхож байгаа талаараа хуваалцсан ба үүнд нь к-поп, жүжиг, кино, хувцас загвар, хоол зэрэг багтаж байна. "Солонгосын олон талт, өвөрмөц, бүтээлч байдлыг харгалзан үзвэл манай соёл асар их нөөц бололцоотой. Би үүнийг гадаадад сурталчлах зорилгоор "K-соёлын борлуулагч"-ын дүрд тоглож чадна гэж бодож байна” гэжээ.
БНСУ-ын тэргүүн хатагтай өнгөрсөн арванхоёрдугаар сард Сөүлд айлчилсан тухайн үеийн Вьетнамын Ерөнхийлөгч Нгуен Суан Фуктай Солонгосын уламжлалт архитектурын соёлын талаар ярилцсан гэх мэтээр Солонгосын соёлыг гадаадын хүндэт зочдод таниулахад хэрхэн тусалсан тухайгаа мөн ярьжээ. Тэрбээр мөн хилийн чанадад аялахдаа АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден, Японы тэргүүн хатагтай Юко Кишидад зориулан Солонгосын уламжлалт бэлгүүдийг өгсөн аж.