МАН-ын бүлэг хурал хийх үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "Англи хэлтэй холбоотой заалт нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй холбоогүй. УИХ-ын гишүүд л өөрсдийнхөө бодол саналын дагуу янз бүрийн тайлбар өгсөн байна. Сая ч гэсэн бүлгийн хурал дээр "Энэ нь миний өөрийн бодол байсан. Түүнээс биш албан ёсоор тийм яриа гаргаагүй" гэдгээ хэлж байна.
Олон улсын жишиг стандарт гэж бий. Бүх улс орон боловсролынхоо хуульд үндэснийхээ хэлтэй холбоотой заалтыг л оруулдаг болохоос биш аль нэг улсын хэлийг манай улсын хоёр дахь хэл байна гэж тусгадаггүй. Тиймээс Боловсролын ерөнхий хуульд үндэсний хэлийг тусгаж өгч байгаа юм. Харин одоо байгаа сургалтын хөтөлбөрт гуравдугаар ангиас нь англи хэл заана, бусад хэлийг сонголтоор заана гэсэн заалт бий.
Улсын сургуульд англи хэл заахгүй, хувийн сургуульд л хүүхдүүдээ өгвөл англи хэл сурах юм шиг буруу ойлголтыг бас өгсөн байна. Ийм зүйл огт байхгүй. Боловсрол, шинжлэх ухааны яамны алдаа байгаа юм. Хүний нөөцгүй. Кембрижийн боловсролын тогтолцоог 2010 онд оруулаад ирчихсэн. Улсын сургуульд ч гэсэн Кембрижийн боловсролоор сургах заалт нь байгаа хэрнээ боловсон хүчнээ бэлдэж чадахгүй байна.
Эхний ээлжид англи хэлний багш нараа сайн бэлдэх хэрэгтэй. Төр, хувийн хэвшлийн ямар ч сургуульд англи хэл болон бусад хэл зайлшгүй орно. Гэхдээ сайн багш орно. Энэ хэрээрээ санхүүжилт авах чиглэл өгөөд байгаа юм шүү" гэв.