"Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт-2023" Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Шангри-Ла” зочид буудалд өнөөдөр эхэллээ.
6 дугаар сарын 26-29-нд болох чуулга уулзалт Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бизнесийн яриа хэлэлцээ уулзалтаар эхэлж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нээж үг хэлэв.
Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг, худалдаа, дэд бүтцийн төлөв байдал, Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулав. Мөн Улаанбаатарт төвтэй Далайд гарцгүй, хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, бэхжүүлэхийн төлөө урдын адил идэвхтэй хамтран ажиллахыг гишүүн улсууд, хөгжлийн түншүүд, оролцогч бусад талд уриаллаа.
Дараагаар нь манай улсад айлчилж буй НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима үг хэллээ. Тэрбээр, далайд гарцгүй орнуудын идэвх санаачилга дэлхий даяар түгэж, өнөөдөр бид Ази тивийг хамарсан чуулга уулзалтад оролцон Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, далайц гарцгүй, ялангуяа хөгжиж буй орнуудад тулгарч буй бэрхшээл, сорилтын талаар хэлэлцэж байна. Далайд гарцгүй, хөгжиж буй орнуудын 3 дугаар Бага хурал ирэх онд анх удаагаа Африк тивд болно. Руанда улсын Кигали хотод болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Сайд нарын 10 жил тутамд зохион байгуулдаг дээрх уулзалт хувийн хэвшлийн дуу хоолойг Засгийн газрууд болон НҮБ-ын өндөр түвшинд хүргэх зорилготой. Үүнд өнөөдрийн Улаанбаатарын чуулга уулзалт өөрийн хувь нэмрээ оруулна гэдэг найдаж байна.
Бага хурлын өмнө Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй Монгол Улсын идэвх, санаачилгад баяр хүргэж, талархал илэрхийлье гэв.Түүнчлэн чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсэж, Улаанбаатар хотноо зохион байгуулж буй энэ удаагийн чуулга уулзалт, бусад орнуудаас туршлага солилцон хувааж, далайд гарцгүй Монгол Улсын хувьд шинэ боломжуудыг гаргаж өгнө гэдэгт итгэж байна хэмээсэн юм.
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бизнесийн яриа хэлэлцээ “Бүс нутгийн худалдааны холболт” сэдвээр үргэлжилж байна.