Зургаадугаар сарны 15-ны орой 13 настай хүү мэдээлэл өгсөн даруйд Гандантэгчэнлин хийдийн удирдлагууд, тухай дацан сургуулийн удирдлагууд цуглан, хууль хяналтын байгууллагад хүсэлтээ гаргаад шалгуулж буй талаар Гандан телевизийн захирал Б.Одгарьд хэлээ.
Тэрбээр, "Хэрэг хянан шалгах явцад тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Сүүлийн үед асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоогоогүй байхад нийгмийн сүлжээгээр шүүж байна. Гандантэгчэнлин хийд бол Монгол Улсын түүх, соёлын өвийн онцгой бүс. Гэтэл сүүлийн үеийн мэдээлэлтэйгээр холбоотой Гандантэгчэнлин хийд болон Монгол орон даяар байдаг сүм хийдүүд рүү халдах, хэрэг хийсэн мэтээр гүтгэх, нэр бүхий улстөрчид хүртэл улс төрийн зорилгоор ашиглаж байгаа нь зохимжгүй асуудал юм. Тиймээс энэ мэдээллийг хийж байгаа юм" гэв.