Хэнтий аймгийн нутагт зургаадугаар сарын 18-нд усархаг бороо орж, борооны улмаас Бор-Өндөр дэх жоншны хувийн уурхайн 30-40 метрийн гүн цооног үерийн ус юүлэгджээ. Уурхайн гүнээс 33, 40 настай хоёр эрэгтэй хүн гарч чадаагүй тусламж үзүүлэхийг хүссэн дуудлага Онцгой байдлын газарт 18-ны 20.00 цагийн орчимд ирсэн байна.
Дуудлагын дагуу аврагчид ослын газарт шуурхай очсон бөгөөд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрээс 11 квт-ын хүчин чадалтай нэг насос авчирч суурилуулан 03:35 цагт ус соруулах ажиллагааг эхлүүлсэн байна. Мөн өдрийн 06:30 цагийн байдлаар уг насосоор уурхайн амнаас доош 11 метр хүртэлх усыг соруулсан байна. Дахин “Баргилт”-ын уурхайгаас 400 квт-ын хүчин чадалтай дахин нэг насос татан авчруулж, ажиллагааг үргэлжлүүлжээ.
Зургаадугаар сарын 20-ны 14.30 цагийн үед аврах ажиллагааны явцын талаар тодруулахад, Аврагчид ослын газарт 30 гаруй цаг ажиллаж өнөөдөр үд орчимд хоёр хүний цогцсыг гаргаж, ажиллагааг зогсоолоо гэв.