“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар оролцон үг хэллээ. Тэрбээр "Дэлхий дахиныг хамарсан цар тахал, түүнээс үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэл, улс хоорондын зэвсэгт мөргөлдөөн, геополитикийн техтоник шилжилтийн үед тогтвортой хөгжлийн төлөө Алтайн уулсыг дамнан яриа хэлэлцээ хийж, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал байна. Өнгөрсөн 2022 оны 10 дугаар сард Сөүл хотноо Стэнфордын их сургуулийн Ази номхон далайн судалгааны төв, НҮБ-ын 8 найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Муны байгуулсан Сайн сайхан ирээдүйн төлөөх “Бан Ги Мун” сан “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ”-г анх удаа хамтран зохион байгуулсан.
Энэхүү чуулганыг зорилго нь НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг хурдасгах, тогтвортой хөгжлийн 17 дугаар зорилт болох олон талт хамтын ажиллагааг дэмжих явдал байсан юм. Тогтвортой хөгжлийн зорилгыг НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Бан Ги Мун санаачлан, дэлхийн лидерүүдийг уриалж, хүчийг нь нэгтгэн батлуулж, 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн.
Монгол Улсын Засгийн газраас энэ жилийг ”Монголд зочлох жил” хэмээн зарласан. Тиймээс алтай хэлний язгууртай улс орнуудын олон арван сая хүмүүс Монгол Улсад зочлох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Түрэг гаралтай парламентын холбооны Ерөнхийлөгч хэлэхдээ, Турк Улсаас л гэхэд 20-30 сая хүн Монгол Улсад тэр дундаа Орхоны хөндийд очиж үзэхийг мөрөөддөг гэж хэлж байсан. Далд хэлхээ холбоо буюу бие биеэ эрэлхийлдэг сэтгэл зүрх бидэнд мөнхөд бий гэдэгт итгэж байна. Тиймээс далд хэлхээ холбоо, эрэл хайгуулыг шинжлэх ухааны төвшинд үргэлжлүүлэх нь энэхүү чуулга уулзалтын бас нэгэн онцлог юм." хэмээсэн юм.