"Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ" чуулга уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа оролцлоо. Тэрбээр энэхүү чуулганы үеэр "Эмэгтэйчүүдийн манлайлал, тогтвортой хөгжил" сэдвээр илтгэл танилцуулав.
Х.Булгантуяа илтгэлдээ "Бүх төвшинд охид эмэгтэйчүүдийг хамгаалах, тэдний манлайллыг бий болгох томоохон сорилт бидний өмнө тулгарч байна. Нийгэм, эдийн засаг, улс төрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэргээс шалтгаалж эмэгтэйчүүд потенциалаа бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадахгүй байна. Хөгжилд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүргийг чухалчилсан эрин үе ирээд байна. Монгол Улсад 1990 онд шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 25 хувь байсан бол 30 жилийн хугацаанд 30 гаруй хувиар буурсан. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүдийн 17.1, Засгийн газрын гишүүдийн 13.6, дэд сайд нарын 6.2 хувь, аймгийн Засаг дарга нарын 4.7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дүүргийн Засаг дарга нарын 11.1 хувь нь эмэгтэйчүүд байгаа нь дэлхийн парламентын засаглалтай ардчилсан улс орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.
Нийгмийн амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нь хөгжилд хүргэх чухал хүчин зүйл билээ.
Дэлхийн дунджаар их, дээд сургууль төгсөөд 10 жил болсон ахисан түвшний боловсролтой эмэгтэй ижил түвшний боловсролтой эрэгтэйтэй харьцуулахад 23 хувиар бага цалин авдаг. Монгол Улсад эмэгтэйчүүдийн цалин эрэгтэйчүүдийнхээс 17 хувиар доогуур байна. Харин орон сууц өмчлөлөөр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс хоёр дахин, газар өмчлөлөөр гурваас зургаа дахин бага байна. Манай улсад дээд боловсрол эзэмшсэн эмэгтэйчүүд олон ч хөдөлмөрийн зах зээлд тэдний оролцоо буурах хандлагатай байна" хэмээсэн билээ.