УИХ-ын гишүүн С.Одонтуяа өнгөрсөн Баасан гарагт хуульчдын хамтаар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийсэн. Энэ үеэр хуульч Р.Булгамаагаас тодрууллаа.
“…Монголд хүний эрх, ялангуяа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн үйлдэл өдрөөс өдөрт газар авч байна. Энэ үйлдэл эх орны хязгаараас давж, дэлхий дахинд гарчихлаа. Монголчууд дуртай үедээ эмэгтэй хүнд бэлгийн дарамт учруулдаг юм байна гэдэг ойлголтыг төрүүлж байна. Эх хүний, эмэгтэй хүний хувьд туйлын харамсаж байна. Монголын төр төрийн албан хаагчдадаа, МАН гишүүддээ жендэрийн тэгш байдлын тухай ойлголт суулгадаггүй, хүний эрх, эрх чөлөө, үнэ цэнийн талаар, ёс зүйн талаар шаардлага тавьдаггүй, хэм хэмжээ тогтоодоггүй байдал нь, ийм хавтгайрсан хүчирхийллийн шинж бүхий үйлдлүүдийг өдөөж байна гэж үзэж байна. Эмэгтэйчүүд бид энэ гэмт хэрэгт холбогдсон этгээдэд болон түүнийг илгээсэн байгууллагад ёс зүйн болон хуулийн хариуцлага эрх баригчдаас шаардаж байна. Монгол улсын эрүүгийн хуулиас 2017 онд санаатайгаар гээж хаягдуулсан, хассан “Бэлгийн дарамт учруулах” гэсэн заалтыг сэргээн хуульчлахыг эмэгтэйчүүд бид шаардаж байна. Эх орондоо хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгтэй. Эмэгтэй хүнд хүндэтгэлгүй ханддаг соёлоо бид хадгалсаар байх уу гэдэг нь асуудал. Ээжүүд, эмэгтэйчүүдийг эрх зүйн хамгаалалтад авахгүй байгаа байдлаа өдөр бүр үргэлжлүүлсээр байх уу? Охид, эмэгтэйчүүдийг Үндсэн хууль хийгээд олон улсын гэрээ конвенциор хамгаалагдсан эрхийн хэрэгжилтийг хамгаалахын төлөө нийгмээрээ хууль ёс, шударга ёсыг шаардахыг уриалж байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.