Төсвийн тодотголд сүүлийн 20 гаруй жил маргаан дагуулсан, 2000 оноос өмнө суурь цалин бага байхад тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын тэтгэврийн асуудлыг шийдвэрлэжээ. Ижил ажил мэргэжлээр, ойролцоо хугацаанд ажиллан шимтгэл төлсөн боловч тэтгэвэр тогтоолгосон хугацаанаасаа хамааран зөрүүтэй тэтгэвэр авч байсан 164.6 мянган хүний тэтгэврийн зөрүүг ойртуулна. Үүнд 200.2 тэрбум төгрөг зарцуулна.
Хүн бүрийн ажилласан жил, төлсөн шимтгэл хугацаа, авч байсан цалин хөлснөөс шалтгаалан харилцан адилгүй нэмэгдэнэ. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн алба хаагчийн тэтгэвэр авч буй иргэдийн тэтгэврийн хэмжээг инфляцын түвшинтэй уялдуулан 10 хувиар нэмэгдүүлнэ.
Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурал хэлэлцэж байгаа энэ цаг үед тэтгэврийн зөрүүг арилгав. Цаашид Нийгмийн даатгалын сангийн хүртээмж, ил тод байдлыг нэмэх, тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж, жил бүр 10 хувиар нэмнэ. Ингэснээр 496300 ахмадын тэтгэврийг нэмэхэд нийт 394 тэрбум төгрөг зарцуулна.