Дэлхийн загварын шоуг “ГОВЬ” Монголдоо зохион байгуулж, ноолууран хувцасны загварт шинэчлэлт хийн дараагийн шинэ стандартыг тогтоолоо.
“ГОВЬ”-ийн ерөнхий дизайнераар сонгогдсон Giorgio Spina Pre-Fall 2023 коллекцоо "THE FACE" нэртэйгээр өчигдөр буюу 2023.06.08-ны өдөр танилцуулсан юм. Загварын шоуг Чойжин Ламын сүм музейд зохион байгуулсан бөгөөд түүх соёл, өв уламжлал, орчин цагийн ноолууран хувцасны загвартай хэрхэн огтлолцож байгааг “ГОВЬ”-ийн загварын шоугаар харууллаа. Тус загварын шоунд урилгаар олон улсын томоохон компаниудын төлөөлөл болон урлаг, загварын салбарын нөлөө бүхий зочид хүрэлцэн иржээ.
“ГОВЬ”-ийн загварын шоунд "The Face" болон "Materia Organic" коллекцийг танилцуулсан бөгөөд 25 нэр төрлийн 100 гаран загварыг урласан юм. Шоуг нээж модель Б.Мишээл алхаж, “Materia Organic” коллекцын сүлжмэл цамц болон шинэ загварын оёмол юбка дээр ноолууран цүнхийг загварчлан өмссөн байв.
Түүнчлэн загварын шоу-нд олон улсын моделиуд оролцсон бөгөөд хоёр ихэр модель байсан нь загварын шоу-ны бас нэгэн шигтгээ болж байлаа.
Ерөнхий дизайнер Giorgio Spina “The Face” буюу дахин давтагдашгүй байдлыг эрхэмлэсэн коллекцдоо олон төрлийн технологийн шийдлийг нарийн хослуулж оруулсан онцлогтой коллекц юм. Мөн бага зэргийн унасан мөр болон хагас бариу силуэт зонхилсон. Тэрээр бүтээлийнхээ сэдлийг байгаль, юмс үзэгдэл гээд содон бүхнээс урам зориг авч урладаг бөгөөд деталь бүрд өөрийн онцлогоо шингээдэг билээ. Энэ удаа тэрээр Монгол орны онцлогийг бүтээгдэхүүндээ тусгахыг зорьсон байна.
Ташрамд дурдахад “ГОВЬ” ХК арга хэмжээ зохион байгуулсан Чойжин Ламын сүм музейн ногоон байгууламжийг 100% нөхөн сэргээх хэлэлцээртэй билээ. Уг хэлэлцээрийн дагуу музейн барилга байгууламжид ямар нэг гэмтэл учруулалгүй анх байсан хэвэнд нь хүлээлгэн өгсөн бөгөөд ногоон байгууламжийг нөхөн сэргээн зүлэгжүүлэлтийг хийх гэрээтэй юм байна.