Оросын арми Украины нийслэл Киев рүү хоёр өдөр дараалан нисгэгчгүй онгоцоор халдаж, гурав дахь өдрөө пуужин харвалаа. Украины тал эдгээр зэвсгүүдийг унагаж чадсан гэдгээ мэдэгдсэн ба гурав дахь өдрийн халдлагын улмаас хүний амь эрсдээгүй байна. Гэвч пуужингийн хэлтэрхийнүүд Киев дэх орон сууцны хороололд буусан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. ОХУ энэ сард 16 удаа Украины нийслэл рүү дайрч байгаа юм. Сүүлд өгсөн агаарын цохилт нь өдрийн цагаар болсон ба хотын төвийг онилсон гэж шинжээчид таамаглаж байна.
Тухайлбал, Украинд 5-р сард өгсөн бусад бүх агаарын довтолгоонууд дандаа шөнийн цагаар явагдсан бөгөөд чухал дэд бүтэц, хотын захын агаарын довтолгооноос хамгаалах байгууламжид чиглэгдсэн гэж шинжээчид мөн дүгнэж буй. Украины агаарын цэргийн хүчний төлөөлөгч Юрий Ихнатын “Хамгийн сүүлийн халдлагадаа ОХУ Искандер баллистик пуужинг ашигласан бөгөөд S-300, S-400 пуужингууд ч харвасан байх магадлалтай” гэжээ. Үүгээр зогсохгүй, агаарын довтолгооны дуут дохио Украйны бусад хэд хэдэн бүс нутагт ч дуугарсан байна. Киев дэх орон нутгийн цэргийн командлагчид ОХУ-ыг тактикаа өөрчилж, энгийн иргэдийг зориудаар онилж байна гэж буруутгасан. Украины сөрөг довтолгооноос урьтаж, ОХУ тэднийг буулгахаар ойр ойрхон дайралтууд олон хийнэ гэж аюулгүй байдлын шинжээчид сэрэмжлүүлсээр байгаа юм.
Эх сурвалж: BBC