Зам, тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт Иргэний Нисэхийн Ерөнхий Газраас олгосон тэтгэлэг, сургалтын талаар мэдээллийг өгч байна.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд тусгай сангуудыг мэдээллийг ил тод болго гэсэн үүрэг өгсөн. Үүний дагуу Зам, тээврийн салбарт байдаг Авто замын сангийн мэдээллийг ил тод болгоно. Түүнээс гадна ИНЕГ-ын зардлаар гадаадад суралцсан суралцагчдын мэдээллийг нээлттэй ил тод болгож байна.
Монгол Улсын авто замын тухай хуульд тусгай зориулалттай олон улсын болон улсын чанартай, орон нутгийн болон нийслэлийн замуудыг засварлах, арчлах зориулалт бүхий сантай байна гэж заасан байдаг. Үүний дагуу Авто замын сан Зам, тээврийн хөгжлийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Энэ сангийн орлогын хөрөнгө найман эх үүсвэрээс бүрдэх ёстой.
Өнөөдрийн байдлаар гурван эх үүсвэрээс 62 тэрбум төгрөг бүрдэж байна. Үүнээс бодитоор 50 тэрбум төгрөгийг Авто замын санд төвлөрүүлж, зарцуулж байна. Монгол Улсын хэмжээнд 14 мянган км улсын чанартай зам байгаа. Түүнээс 7400 км нь хатуу хучилттай зам. Энэ замыг засварлах, арчлах, нөхөөс цоорхойг бөглөхөд зарцуулдаг. Энэ мөнгө хангалттай биш. Хуульд заасан 8 эх үүсвэрээр 110 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхэд засвар арчлалт боломжийн хэмжээнд явагдана гэж үздэг. Засвар арчилгаа хангалтгүй байгаагаас ард иргэд эвдрэлтэй зам дээр зорчиж, эд хөрөнгө эрүүл мэндээрээ хохирч байна.
Монгол Улсад зам засвар, арчлалтын 32 ААН байна. 20 нь төрийн өмчит компани, 12 нь хувийн хэвшлийн компани. Энэ 32 ААН-д 50 тэрбум төгрөг хуваарилж өгч, зам засвар арчлалт хийлгүүлдэг" хэмээн ярилаа.