ОХУ-ын хилийн заставыг дайрч, Белгород мужид халдлага үйлдсэн В.Путиныг эсэргүүцэгчид энэ төрлийн халдлагуудыг нэмж үйлдсээр байх болно гэдгээ хэллээ.
RVC буюу Оросын сайн дурын корпус гэж өөрсдийгөө нэрлэж буй бүлгэмийн командлагч Денис Капустин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Тэд биднийг дахин харах болно. Үйл ажиллагаа үргэлжилж байна” гэжээ. В.Путиныг эсэргүүцэгч, ижил зорилготой Оросын хоёр бүлгэм Украинд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Мягмар гарагийн үүрээр болсон халдлагыг RVC болон “Оросын эрх чөлөөний Легион” нар аль аль нь үйлдсэн гэдгээ хэлсэн юм.
Украины зүгээс энэ халдлагад хамааралгүй гэдгийг хэлж, Оросын эсрэг Оросууд хийж байгаа халдлага хэмээн тодотгожээ. RVC-ийн командлагч Украин тэдэнд урам зориг өгсөн ч гэсэн зэвсэг болон бусад техник тусламжаар хангаагүй гэдгийг баталсан байна. Белгородын бүс нутагт хилийн ойролцоо болсон халдлагын улмаас хоёр хүн амиа алдсан билээ.