УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өнөөдөр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
УИХ-ын гишүүн 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 онд хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д “Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг бүрдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж шинэчлэн найруулах зорилгоор Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах”-аар тусгасан. Иргэний нисэхийн тухай хуулийг 1999 онд баталж, 2001, 2003, 2008, 2011, 2015, 2017 онд тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэн, агаарын тээврийн цар хүрээ улам өргөжиж байна. Түүнчлэн иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх үүднээс Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас Агаарын хөлгийн ослыг шинжлэн шалгах загвар хуулийг 2013 онд, Иргэний нисэхийн аюулгүй байдлын загварын хуулийг 2014 онд тус тус боловсруулж, гишүүн улс орнуудад мөрдөж ажиллахыг зөвлөмж болгожээ.
Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 10 бүлэг, 51 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Хуулийн төсөл батлагдсанаар,
-Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас Монгол Улсын иргэний нисэхийн үйл ажиллагаанд хийсэн аудитын шалгалтын зөвлөмжийг хэрэгжүүлж, эрх зүйн зохицуулалтыг сайжруулна. Монгол Улсын иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт олон улсын хэм хэмжээнд нийцэж, салбарын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж, нисэхийн аюулгүй байдал сайжирна.
-Шинжлэн шалгах ажиллагааны бие даасан, хараат бус байдал хангагдсанаар нислэгийн осол, зөрчил гарах нөхцөлийг бууруулна.
-Нислэгийн үйл ажиллагаа, түүнд дэмжлэг үзүүлэх агаарын навигац, аэродром, аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний чиг үүрэг тодорхой болж, харилцан уялдаатай өргөжин хөгжих, улс орны эдийн засгийн өсөлтөд дэмжлэг болохуйц иргэний нисэхийн дэд бүтэц, агаарын тээврийн тогтолцоо бүрдэнэ. Ингэснээр бие даасан үйл ажиллагаа явуулах, орон тооны давхардлыг арилгах, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэх боломжтой болно.
-Хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг дэмжих, зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгох, агаарын тээврийн тогтвортой байдлыг хангах, нийтэд хүртээмжтэй үйлчилгээг үзүүлнэ.
-Иргэний нисэхийн хяналт, зохицуулалтын эрх зүйн орчныг сайжруулж, иргэний нисэхийн үйл ажиллагаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нисэхийн аюулгүй байдалтай холбоотой хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгоно. Ингэснээр төр, иргэн, хуулийн этгээдийн хариуцлага дээшилнэ.
-Ерөнхий зориулалтын, арилжааны болон арилжааны бус нислэгийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд тодорхой, нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулснаар агаарын тээврийн тэгш оролцоог хангах, хөрөнгө оруулалт, тээврийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
-Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг чиг үүргийнх нь дагуу Засгийн газрын тохируулагч агентлаг болгон өөрчлөн зохион байгуулна. Шинээр агентлаг байгуулахгүй тул бүтцийн өөрчлөлттэй холбоотойгоор улсын төсөвт дарамт үүсэхгүй бөгөөд орон тоо дунд хугацаанд нэмэгдэхгүй байхаар тооцсон байна.
-Засгийн газрын агентлагийн үзүүлдэг агаарын навигацын болон нисэх буудал, нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг үзүүлэх төрийн өмчит аж ахуйн нэгжийг байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгосноор орон нутгийн өмчийн болон хувийн өмчийн нисэх буудал, аэродром байгуулах, орон нутгийн агаарын тээврийн дэд бүтцийг сайжруулах зэрэг олон эерэг үр дүн гарна гэдгийг салбарын сайд танилцуулав.