Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний өнөөдөрлийн хурлын үеэр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хийж байгаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай танилцууллаа.
2023 онд Сонгинохайрхан дүүрэгт 268 төсөл хэрэгжинэ. Тодруулбал, сургуулийн 15 барилгын ажил байгаагаас үндсэн барилга долоо, өргөтгөл хоёр, бага сургууль зургаа байна. Эдгээрээс энэ жил есийг нь ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Үүнээс гадна 2024 оныг дамжин хэрэгжих 28 цэцэрлэгийн барилгын ажил байгаагаас энэ онд 12 нь ашиглалтад орж, орны тоо 1,875-аар нэмэгдэх юм. Түүнчлэн Хүүхэд залуучуудын театрын барилгын ажил 2018 оноос эхэлсэн, энэ ондоо ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Тус театр нь 850 хүний суудалтай. Мөн 126 айлын түрээсийн орон сууцны ажил үргэлжилж байгаа, энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна. Мөн шинээр хороо нэмэгдсэнтэй холбоотойгоор байргүй хороо олон байгаа тул үүнийг яаралтай шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо.