Нетфликсийн дөрвөн ангит баримтат цуврал болох "Клеопатра хатан" тавдугаар сарын 10-нд цацагдсан. Гэвч олон нийтэд хүрээд 10 хоног ч болоогүй байхад тус кино үзэгчдээс хоёр хувийн үнэлгээ авчээ.
Тухайлбал, олон улсын кино шүүмжлэгчдийн нэгдсэн сайт болох Rotten Tomatoes дээр 5000 гаруй үзэгч оноо өгснөөс дундаж оноо нь ийн бага үзүүлэлт харуулсан байна. Цацагдахаасаа ч өмнө уг цуврал нэг хувийн үнэлгээтэй байсан ба цацагдсаны дараа авсан хоёр хувийн үнэлгээ нь телевизийн түүхэнд урьд өмнө байгаагүй доогуур үзүүлэлт гэж Forbes сэтгүүл тодотгожээ.
"Клеопатра хатан" кино нь Египетийн сүүлчийн фараоны тухай өгүүлэх юм. Энэ цувралыг цацагдаагүй байхад л гол дүрийн жүжигчин Адель Жеймсийг олон нийт, тэр дундаа Египетчүүд ихээхэн шүүмжилсэн юм. Учир нь хар арьстай жүжигчинг Клеопатра хатны дүрд тоглуулсан нь түүхийг гуйвуулсан хэрэг гэж олон нийт цахим сүлжээнд хэдийн хэлэлцээд эхэлчихсэн байсан билээ. Үүгээр зогсохгүй, Египетийн засгийн газар Нетфликс компанийг Клеопатрагийн талаар буруу мэдээлэл өгсөн гэж буруутгаж байсан юм. Түүнчлэн Египетийн хуульч Египет дэх Нетфликсийн стриминг үйлчилгээг хаах тухай хэрэг хүртэл үүсгэж амжжээ. Харин энэ бүх асуудлын талаар гол дүрийн жүжигчин Адель Жеймс өнгөрсөн долоо хоногт өгсөн нэгэн ярилцлагынхаа үеэр "Мэдээж бид түүний угсаа гарвалыг сайн мэдэхгүй ээ, гэхдээ энэ цуврал нь түүний арьсны өнгөнөөс илүү ач холбогдолтой гэдгийг олон нийт ойлгоосой гэж хүсэж байна" гэжээ.
SOURCE: INSIDER