Чингэлтэй дүүргээс санаачилсан “Асуудал шийдэл” сэдэвт хөрсний бохирдлын талаарх хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо
П.ОЮУНБАТ: Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг бүрдүүлэгч голлох хүчин зүйлс нь хар тугалга болон арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдлаас үүсдэг хром, утаа, нүүрс тортгоос үүсэх сульфат, аммонийн буюу шивтрийн бохирдлууд байна. Монгол орны цаг уур хаврын улиралд маш хуурай. Тиймээс энэ үед хөрсөнд шингэсэн бохирдлууд агаарт дэгдэж хүмүүсийн нүүр арьсанд хүрэлцэх замаар бие эрхтнийг нь өвчлүүлж байна. Хэрвээ хөрсний бохирдол энэ чигээрээ үргэлжлэх юм бол маш хортой өвчлөлүүдийг үүсгэх эрсдэлтэй байна. Хар тугалга, хүчил, цайр зэрэг хүнд металын бохирдлууд нь хүнд шууд нөлөөлөл үзүүлэхгүй ч гэсэн хүний цусанд шингэж явсаар генийг гэмтээдэг. Өөрөөр хэлбэл мутацийн өвчлөл урт хугацаандаа үүсгэнэ. Хөрсний хүнд металлын бохирдол нь гутлаар дамжин байр, орон сууцанд орж бохирдол үүсгэдэг аж.
Дэлхийн бүх л улс орны хотууд хөгжлийнхөө үе шатанд хөрсний бохирдлын асуудалтай тулгардаг. Манай Улаанбаатар хотын гол асуудал нь нүхэн жорлонгийн асуудал юм. Нүхэн жорлонгийн нянгийн бохирдол бол хүнд металын бохирдлоос эрс ялгаатай. Яагаад гэвэл нянгийн бохирдол нь зөвхөн дулааны улиралд богино хугацаанд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж чаддаг. Улаанбаатар хотын хөрсний дээжийн 88 хувь нь нянгийн бохирдолтой гэсэн судалгаа гарсан. Бид 2022 онд агаар сансрын зургийг ашиглан нүхэн жорлонгийн тоон судалгааг хийхэд нийтдээ 144,992 ширхэг нүхэн жорлон байсан.
Хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоо:
Автомашин, техникийн хэрэгслийнхээ засвар, үйлчилгээг зориулалтын газар хийлгэж байх;
Гудамж талбайд тос, тослох материалыг асгахгүй байх;
Хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй арга хэмжээг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд дэмжих;
Амьдарч буй орчноо зүлэгжүүлж, ногоон байгууламжийг бий болгох;
Хог хаягдлаа зөв цуглуулж, ангилан ялгаж, ачуулж хэвших;
Үнс, хог хаягдлаа гудамж, гэрийн ойролцоох гуу, жалганд асгахгүй байх;
Угаадасыг гудамжинд асгахгүй байх;
Нус, цэр, шүлсээ ил задгай газар хаяхгүй байх;
Гудамж, талбай, ил задгай газар бие засахгүй байх.
Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй болох