Өнгөрсөн сард Энэтхэг улс Хятадыг ардаа орхиж, дэлхийн хамгийн олон хүн амтай улс болсон нь залуу хүн ам зүй зонхилсон улсын хувьд ихээхэн ашиг тустайг шинжээчид онцолж байсан. Гэсэн хэдий ч энэ боломжийг хэрэгжүүлэхэд тулгарч буй томоохон саад бол Энэтхэгийн ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн төлөөлөл хангалтгүй байгаа явдал аж. Энэтхэгийн хүн амын бараг тал хувь нь эмэгтэйчүүд байдаг ч сүүлийн хорин жилийн хугацаанд ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн тоо хамгийн доод хэмжээнд хүртэл буурчээ.
Дэлхийн банкнаас гаргасан мэдээллээр Энэтхэгийн ажиллах хүчин дэх эмэгтэйчүүдийн оролцоо 2000 онд дээд цэгтээ хүрч, 31% байсан. Харин түүнээс хойш тасралтгүй буурч, 2018 онд хамгийн доод түвшинд хүрч байжээ. Үүнд олон шалтгаан бий. Энэтхэг улсад патриарх нийгэм хэвээр байгаа бөгөөд эмэгтэйчүүд гэртээ асран хамгаалагч байх ёстой гэсэн ойлголт нийгэмд давамгайлсан хэвээр байгааг хэвлэлүүд онцоллоо.
2019 оны үндэсний цаг ашиглалтын судалгаагаар Энэтхэг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад цалингүй хэрнээ ахуйн ажилд найм дахин их цаг зарцуулдаг байна. Аюулгүй байдлын асуудал, гэртээ ойр ажил олдохгүй байгаа зэрэг нь томоохон хотуудад эмэгтэйчүүдийг ажиллахад саад болж байгааг мэргэжилтнүүд мөн онцолж байна. Энэ үзэгдэл зөвхөн Энэтхэг гэлтгүй Азийн бусад орнуудад байсаар байгааг судлаачид хэлж буй. Эмэгтэйчүүд ахуйн ажлаас болоод хөдөлмөр эрхлэх орчноор эрэгтэйчүүдтэй харьцуулахад хязгаарлагдсаар байгаа аж.
Эх сурвалж: BBC
https://www.bbc.com/news/world-asia-india-65530408