Интерпол буюу олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага 1976-2019 оны хооронд олдсон 22 цогцсыг таних ажиллагааг эхлүүлжээ. Эдгээр эмэгтэйчүүд нь бүгд бусдын гарт амиа алдсан ба одоог хүртэл хэн гэдэг нь мэдэгдээгүй байна. Ингэснээр олон улсын цагдаа нар анх удаа хамтран олон нийтэд нас барсан хүмүүсийн царай, жагсаалтыг харуулж байгаа хэрэг болсон юм. Угтаа энэ төрлийн мэдээллийг Интерполын дотоод сүлжээнд зөвхөн цагдаа нар л мэддэг байжээ.
Тиймээс энэ удаа хохирогчдын мэдээллийг анх удаа олон нийтэд нээлттэй буюу Интерполын албан ёсны вэбсайт дээр тавьж, тэднийг танихад туслахыг хүсэж байгаа аж. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа цагдаагаас яагаад нас барсан хүмүүсийг танихаар ингэж их хичээл зүтгэл гаргаж байгааг асуухад “25 жилийн дараа олдсон ч бай, тэднийг санаж, хайж байсан хүмүүс байж л таарна. Хүн ёсоор нь хайртай хүмүүсээр нь үдүүлэхийг хүсэж байна. Хүн бүр тийм эрхтэй шүү дээ” гэжээ. Эдгээр хохирогчид Европын гурван орон болох Нидерланд, Герман, Бельги улсуудаас олдсон байна.
Эх сурвалж: BBC