“Урьдчилан сэргийлэх кардиологи” Европын сэтгүүлээс гаргасан шинэ судалгаагаар 20-30 насандаа сэтгэцийн эмгэгтэй байх нь ирээдүйд зүрхний өвчин тусах, эсвэл харвах эрсдлийг нэмэгдүүлдэг гэнэ.
Уг судалгааг хийсэн мэргэжилтнүүд 6.5 сая хүний эрүүл мэндийн мэдээлэл дээр үндэслэж дээрх дүгнэлтэд хүрсэн байна. Тодруулбал, судалгаанд 20-39 насныхныг хамруулсан ба тэд 2009-2012 оны хооронд анх эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан. Үүнээс хойш тэдний биеийн байдлыг 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл хянажээ. Судалгаанд оролцогчдын 13 орчим хувь нь нойргүйдэл, айдас түгшүүр, сэтгэл гутрал, гэмтлийн дараах стресс, эмгэг, хооллох дур өөрчлөгдөх эмгэг, хоёр туйлт сэтгэцийн эмгэг зэрэг тодорхой сэтгэгцийн эмгэгтэй гэж оношлогдож байсан байна. Харин судалгааны үр дүнд 40-өөс доош насны хүмүүс зүрхний шигдээс тусах эрсдэл 58 хувь, цус харвах эрсдэл 42 хувиар илүү байсныг тогтоожээ.
Судлаачид хэдий сэтгэцийн эмгэг болон хүний биеийн эрүүл мэнд хоорондоо холбоотой гэдгийг мэддэг байсан ч ийм залуу насанд илэрч байгаад гайхаж байгаагаа нуугаагүй байна. Сэтгэцийн эмгэгтэй хүний амьдралын хэв маяг, хооллолт өөрчлөгддөг тул энэ нь биеийн эрүүл мэнд, тэр дундаа зүрхний шигдээс, цус харвах эрсдэлд нөлөөлж буй гол хүчин зүйл байх магадлалтайг мэргэжилтнүүд дүгнэжээ.
Эх сурвалж: CNN