Өнгөрсөн долоо хоногт Серби улсад хоёр ч удаагийн галт зэвсгийн хэрэг болж, 17 хүний аминд хүрсэн. Тодруулбал, 13 настай хүү сургууль дээрээ аавынхаа эзэмшдэг хоёр гар бууг авч очин, найман сурагч, нэг хамгаалалтын албаны хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Үүнээс хоёр хоногийн дараа 21 настай залуу найман хүний аминд хүрсэн хэрэг мөн гарсан юм. Тиймээс Сербийн иргэд нийслэл Белградад цугларч, нэр бүхий эрх баригчдын огцрохыг шаардлаа.
Учир нь Сербийн орчин цагийн түүхэн дэх хамгийн аймшигт хэргүүд долоо хоногийн дотор хоёр ч удаа тохиолдчихоод байхад популист засгийн газар нь дорвитой алхам хийж чадсангүй гэж ард иргэд нь бухимдлаа илэрхийлж байгаа аж. Сербийн ард иргэд дотоод хэргийн сайд болоод төрийн аюулгүй байдлыг албаны даргыг огцруулахыг хүсэж байгаагаа илэрхийлж эхэлсэн юм. Харин тус улсын боловсролын сайд бага сургуульд болсон халдлагын улмаас ням гарагт огцорч буйгаа зарласан байна.
Гэвч зарим эрх баригчид энэ жагсаалын бодитой шаардлага гэж харахгүй байгаа нь улам шүүмжлэл дагуулж байна. Тухайлбал, Сербийн ерөнхийлөгч Александр Вучич сөрөг хүчний намынхан үндэсний гашуудлыг далимдуулан өөрсдийн эрх ашигт нийцсэн жагсаал санаатайгаар зохион байгуулж байна гэж үзжээ. Серби нь галт зэвсгийн зохицуулалтаараа Европ тивд хамгийн чанга, хатуудаа тооцогддог боловч галт зэвсэг эзэмшигчдийн тоогоор дээгүүрт бичигддэг байна.
Эх сурвалж: DW