Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит “Өглөөний уулзалт”-аараа олон улсын байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгжүүдийн хүний нөөцийн менежерүүдтэй уулзаж байна.
Монголын мэргэшсэн "Хүний нөөцийн менежер" холбооны тэргүүн Т.Цэцэгмаа: Хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах хүчний хомсдол үүссэн байна. Тэр дундаа залуу ажиллах хүчний хомсдол цаашид ч үргэлжлэхээр байна. Төр үүнд анхаарч бодлогын зохицуулалт хийх хэрэгтэй. Гадагшаа чиглэсэн их нүүдэл бий болсон байна. Үүнд судалгаа хийж, эх орондоо авчрах бодлогын ажлууд хиймээр байна.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: Цалин нэмэх нь зөв. Гэхдээ үүнийг бүтээмжтэй нь уяж явах хэрэгтэй. Мөн цалин хөлсийг нэмэхэд татварын хөшүүрэг чухал байна. Татварын уян хатан бодлого хэрэгжүүлээд явбал байгууллагууд цалин хөлсөө нэмээд явах боломжтой.
"Макс" группын Хүний нөөцийн захирал Д.Нямлхаажав: Ажлын байран дээр чадвартай, дадлага, туршлагатай туслах ажилтан дутагдаж байна. МСҮТ-ийн төгсөгчдийн чадвар, ур чадварыг сайжруулмаар байна.
"HR club” холбооны тэргүүн Ш.Баярмагнай: Байгууллагууд дээр ажиллах хүчин асуудал тулгамдаж байна. Ажлын байран дээр чадварлаг боловсон хүчнээс түрүүнд зөв төлөвшил, хандлагатай хүн хэрэгтэй байна. Үүнийг боловсролын суурь хөтөлбөртөө оруулж өгмөөр байна.
"Онч аудит" ХХК-ийн захирал Д.Ончинсүрэн: Төрийн албанд цалин нэмэхийг дэмжиж байна. Дэлхий даяар үнэ өсөж байна. Цалингийн хэмжээг нэмэхгүй бол боловсон хүчнээ гадагшаа алдаж дууслаа. Гэхдээ өндөр цалин олгоход НДШ зэрэг татварын хэмжээ дарамт болж байгааг анхаарах хэрэгтэй байна.