Турк улсад болж буй Хар тэнгисийн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын уулзалтын үеэр Орос, Украины төлөөлөгч нар зодолдсон бичлэг шуугиан тарьж байна. Тодруулбал, Украины төлөөлөгч нэгэн ярилцлагын үеэр Украины далбааг өргөж байхад Оросын төлөөлөгч Украины далбааг буулгахыг оролджээ. Улмаар Украины төлөөлөгч түүнд гар хүрч, хоёр төлөөлөгчийн хооронд зодоон үүссэн байна. Түүнчлэн энэ үйл явдлын өмнөхөн ОХУ-аас төлөөлж ирсэн өөр нэгэн өндөр дээд албан тушаалтан уулзалтын үеэр үг хэлэх гэж байхад зарим Украины төлөөлөгч нар далбаагаа барин эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Улмаар хамгаалалтын албаныхантай тулахад хүрчээ. Туркийн парламент албан ёсны вэбсайт хуудсандаа энэ явдлын талаарх зургийг оруулж, “Туркийн бий болгох гэж хичээж буй энх тайван байдлыг үгүй хийсэнд бухимдаж байна” гэж дурджээ. Гэвч энэ уулзалт болж буйтай зэрэгцэн ОХУ-ын арми Украины нийслэл Киев рүү нисгэгчгүй онгоцоор халдаж буйг хэвлэлүүд тодотгож байгаа юм.
SOURCE: AL JAZEERA