Амьдралын хэв маяг болон түүний сонирхолтой ажлын талаар Б.Шинэбаттай ярилцлаа. Түүний артист нэр “Khalifa”. Энэ залуугийн амьдралын зарчим нь өөрийнхөө дуртай зүйлийг хийж байгаа хүн тийм амар хорт зуршилд татагддаггүй гэх үзэл юм.
Амьдралын хэв маяг
Б.Шинэбат 2023 оны есдүгээр сарын 23-нд болох Паркоур гэх адал явдалт спортын дэлхийн аварга шалгаруулах уралдаанд оролцохоор зориод байна. Тэрбээр 2019 онд монгол улсыг төлөөлөн энэхүү тэмцээнд Мэндбаяр гэх залуугийн хамтаар хоёулаа оролцож байжээ. Тэр өдөрт хоёр бэлтгэл хийнэ. Өглөө нь бие бялдаржуулах төвд, орой нь паркоур спортоо бэлддэг. Хажуугаар нь шивээс хийх ажлаа болон шоунд галын үзүүлбэр зэргээ үзүүлдэг завгүй завгүй нэгэн юм.
Олон зүйл амжуулах хэрэгтэй цаг хугацаа бол залуу нас
Түүний 9 жил хичээллэж байгаа Паркоур спорт нь уншигч та бидний сайн мэдэх дээвэр дээгүүр гүйж, өндөрт харайдаг экстрим спортын нэг юм. Дэлхий нийтэд анх дэлгэрч эхлэхдээ хүмүүсийн аюулгүй байдлын төлөө үүссэн гэж үздэг юм. Учир нь хальтарч, эсвэл гэнэтийн тохиолдлоор унах үед яавал бэртэл бага авах вэ гэдэгт төвлөрдөг хурдны спорт гэж болно. Б.Шинэбатын голлон хичээллэдэг нь акробат болон уран хөдөлгөөнийг хослуулсан төрөл юм.
Харин галын үзүүлбэрийг үзүүлээд 5 жил өнгөрч байна. Энэ төрлийн үзүүлбэр маш аюултай учраас Б.Шинэбатын зүгээс залуучуудад зааж сургах гэхээсээ илүү зүгээр арга хэмжээнд өөрөө үзүүлээд явсан нь дээр санагддаг билээ. Хэрвээ галын үзүүлбэрийг үзүүлэхээс өмнө хувийн бэлтгэл болон сэтгэл зүйгээ сайтар бэлдээгүй бол бага хэмжээгээр гал алдах тохиолдлууд байдаг гэж тэр хэлсэн юм. Залуусын зүгээс түүнд хандаж, багшлуулахыг хүсдэг ч тууштай л хүн биш бол амь насанд нь ч аюултай учраас татгалздаг. Үүнээс гадна галын үзүүлбэрт хэрэглэгдэх зүйлс болон бусад мэдээллийг тэрбээр тун нууцалдаг.
Түүний гурав дахь ажил нь түүний голлон хийдэг ажил гэж хэлж болно. Энэ бол биен дээрх уран зураг буюу шивээс юм. Түүний хувьд нэлээн нямбай бас хянуур хүн учраас энэ хариуцлагатай мэргэжлийг суралцжээ.
Залуусыгаа л сонирхдог зүйлтэй болгохыг хүсдэг
Б.Шинэбатын хувьд амьдралын эрүүл хэв маягийг дэмждэг учраас гурван төрлийн аюултай ч гэж хэлж болох төрлөөр өөрийгөө хөгжүүлдэг. Түүний хувьд залуусыг баасан гарагт гарч наргих биш үргэлж хүсэж хийдэг спорттой болгохыг маш хүсдэг гэдгээ илэрхийлж байсан. Тиймдээ өөрийн хийж буй зүйлсийг хувийн платформууддаа нээлттэй хуваалцаж, залуус ч маш гоё хүлээж авдаг аж. Тэдний гэр бүлийн хамгийн том ах нь лам хүн байдаг. Ахтайгаа хэдий ялгаатай үзэл бодолтой ч гэр бүлийн хүндлэл, хайр л байхад бусад ямар ч нөхцөлгүйгээр биесээ ойлгодог ажээ.