Мэргэжлийн боксын өнөө цагийн өнгийг тодорхойлж буй хоёр супер одын тулаанд Жервонта Дэвис Райан Гарсияг ялсан. 28 настай тэрбээр өрсөлдөгчийнхөө гэдсэнд хүчтэй цохиод буулгаж авсан юм. Райан Гарсия шүд зуун тэвчиж, тулааныг үргэлжлүүлэхийг оролдсон ч түүний санаснаар болоогүй.
Райан Гарсия өмнө нь бэртэлтэй байсан уу, тулааны үеэр бэртсэн эсэх олны анхаарлыг татаж байв, тухайн үед. Тэгвэл мэргэжлийн боксын ертөнцөд үүнээс том дуулиан дэгдлээ. Энэ дуулианы эзэн нь Монгол Улсын Гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар.
Тулааны дараа тэрбээр “Би бэлтгэл дээр Райан Гарсиягийн гэдсэнд цохиод гэмтээчихсэн. Үүнээс болж чи “Танк”-д ялагдчихлаа. Уучлаарай. Чи зүгээр үү” гэсэн бичлэг инстаграм хуудсандаа нийтлэсэн юм.
РАЙАН ГАРСИЯ: БЭРТЛИЙГ МААНЬ ЗАДРУУЛСНААС БОЛЖ БИ ЯЛАГДСАН
Үүний дараа Райан Гарсия “Миний бэлтгэл дээр нэг харх байсан байна. Намайг бэртсэнийг гадагш нь задруулснаас болж би ялагдлаа” гэсэн пост цахим хуудсандаа нийтэлсэн нь мэргэжлийн боксын ертөнцийнхний анхаарлыг гойд татаж байна.
Гарсия хэн нэгний нэрийг цохоогүй. Гэхдээ түүний энэ мэдэгдэл Э.Цэндбаатарт хандсан нь ойлгомжтой байв. Тэрбээр ингэж хардах хэд хэдэн үндэслэл бий. Учир нь “Танк” хочит Жервонта Дэвис тулааны өмнө Райан Гарсияг гэмтэлтэй гэж мэдэгдэж байв. Тухайн үед спортын хорхойтнууд “Өрсөлдөгчөө “шатаах” гэсэн оролдлого” гэж бодоод төдийлөн тоогоогүй. Мэргэжлийн спортод тэр тусмаа тулааны өмнө тамирчид нэгнээ энэ байтугай үгээр өддөг учраас тэр. Үүний сацуу Дэвис тулааны үеэр Райан Гарсиягийн бэртэлтэй хавирга руу, гэдэснийх нь баруун хэсэг рүү довтолж байсан нь ийн хардахад хүргэжээ.
Э.ЦЭНДБААТАР: БИ “ХАРХ” БИШ
Гарсиягийн мэдэгдлийн хариуд Э.Цэндбаатар “Би сүүлчийн нийтлэлдээ google translate ашигласан. Орчуулга нь буруу, ойлгомжгүй байсан. Миний буруу. Харх гэж хэн бэ. Юу яриад байгаа юм бэ. Би харх биш. Би англиар ч ярьдаггүй. Би "Танк"-д дургүй. Спаррингийн үеэр би туслахыг хичээсэн. Чи бол агуу боксчин. Танд амжилт хүсье. Бурхан ивээх болтугай” гэв.
Мөн фэйсбүүктээ дахин мэдэгдэл хийн, бичлэг оруулсан. Тэрбээр “Өчигдөр Райан Гарсия тоглоод “Танк”-д ялагдчихлаа. Гэдсэндээ цохилт аваад хожигдчих шиг боллоо. Райан Гарсия гэмтэлтэй байсан. Би өнөөдөр видео бичлэг оруулсан. “Намайг уучлаарай. Би бэлтгэл дээр чамайг гэмтээсэн. Үүний улмаас чи хожигдчихлоо” гэж хэлээд, инстаграм дээрээ нийтэлсэн чинь хүн болгон боож үхэх гэж байна.
Райан дээр бооцоо тавьсан хүмүүс мөнгөө алдсандаа ч юм уу “Энэ монгол залуу хэн бэ” гээд шуугиад эхэлж байна. Дагагчид, харааж ерөөх хүмүүс нэмэгдээд лааж байна. Би уучлалт гуйхын тулд л тийм видео хийсэн.
Би сарын 6000 ам.долларын цалинтай Райан Гарсиягийн бэлтгэл хангагчаар ажиллаж байсан. Зургаа дахь спарринг дээр яг давтаж байсан цохилтоо гэдсэнд нь цохиод гэмтээчихсэн. Райан эмнэлэг рүү, би тал цалинтайгаа гэр рүүгээ харьсан. Ажлаас халагдсан гэсэн үг. Ер нь бичлэгээрээ дамжуулж “Уучлаарай” гэж л хэлсэн. Түүнээс биш Райаныг өдөөн хатгаагүй шүү” гэсэн юм.
Энэ талаар гадаадын цөөнгүй сайт онцолж, Э.Цэндбаатарын талаар бичсээр байна. Энэ нь сайн, муу хоёр талтай. Сайн талаас нь харвал, энэ дуулиан Э.Цэндбаатар мэргэжлийн боксын дэвжээнд богино хугацаанд танигдах боломж. Сөрөг талаасаа, Райан Гарсияг дэмждэг, түүнийг ялна гэж өндөр бооцоо тавьсан хүмүүс элдэв муу зүйл хийх эрсдэл бий. Мөн мэргэжлийн боксынхны Э.Цэндбаатарыг харах өнцөг. Дараа, дараагийн бэлтгэл хангагч хийлгэх, хамтрах хүсэлтэй хүмүүсийн хандлага ямар байх вэ. “Харх”, нууц мэдээллийг гадагш нь задруулагч гэж харвал яах вэ гэдэг асуудал үүсэх үү гэвэл үүснэ.
Мэргэжлийн дэвжээнд ганц ч ялагдаагүй яваа Э.Цэндбаатар одоогоор тав дараалан ялаад буй. ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга тэрбээр ээлжит тулаанаа Мексикийн боксчин Меркадотой энэ сарын 27-нд хийнэ.