Ирэх арван жилд БНХАУ Тайвань руу дайрах магадлал 50 хувиас их байна гэж Азийн асуудлыг голчлон зохицуулдаг байсан АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан хэллээ.
АНУ-ын ерөнхийлөгч асан Доналд Трампын үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөхөөр ажиллаж байсан Мэтью Поттингер “БНХАУ-ын болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд АНУ, Европ, Япон улсууд улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ёстой” гэж саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.
Түүнчлэн Тайванийг нэгтгэх нь Ши Жиньпиний Хятад үндэстний агуу их сэргэн мандалд хүрэх зорилгод зайлшгүй шаардлагатай бөгөөд тэр зорилгодоо хүрэхээр зорьж байна гэж Мэтью Поттингер тодотгосон байна.
АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Доналд Трампын БНХАУ-тай баримталж байсан хатуу бодлогыг үргэлжлүүлж байгаа гэж шинжээчид үздэг. Гэвч АНУ-ын Ази дахь гол холбоотнууд болох Япон тэргүүтэй бусад улсууд БНХАУ-тай эдийн засгийн нягт холбоотой байдаг тул хориг арга хэмжээ авахад асуудалтай байдаг гэдгийг тэрбээр мөн онцоллоо.