22, 23 настай залуу гэр бүлийн бизнес болох “Анар” явуулын зоогийн газар үйл ажиллагаагаа явуулаад тав хонож байна. Зоогийн газарт үдэн, догбуги, шарсан тахиа зэрэг Солонгос хоол худалдаалж буй юм. Энэхүү газрыг нээн ажиллаж буй хосуудын тухайд, Солонгос руу явж хар ажил хийх төлөвлөгөөтэй байсан ч виз нь гараагүйн улмаас монголдоо сайхан амьдрах боломжийг хайн бизнесийн санаагаа олжээ.
Энэ талаар “Анар” явуулын зоогийн газрыг үүсгэн байгуулагч Б.Жавзанрулам, “Бид хоолоо өглөө эрт босоод хийдэг. 4 цагт босоод хийх үе зөндөө байгаа. Хүмүүс нэмэгдээд орлого сайжраад ирэхээр улам нойр хүрэхээ байгаад, эрч хүчтэй болдог. Сэрүүлэггүй сэрдэг болчихсон. Мөрөөдөл сэрээнэ гэдэг шиг л. Бид хоёрын виз гараад Солонгост ажилласан бол мэдээж, хүүхэд, аав, ээжийгээ энд орхиод л явна. Ах эгч маань хүртэл ярьдаг байсан. “Бага байхад аав, ээж хоёр намайг орхиод гадаад явсан. Тэр үед аав ээжийгээ санаад их хэцүү байдаг байсан” гэж. Тэгээд л, “та хоёр хүүхдээ орхиод явах гэж байгаа юм уу?” гээд зөндөө хэлж байсан. Одоо бодохоор хүүхэдтэйгээ байгаа маань маш сайхан байгаа. Элэг бүтэн, залуу гэр бүл хамтдаа байх шиг сайхан зүйл үгүй. Анх монголоос явсан нь дээр юм байна. Яагаад ч амьдарч болохгүй юм байна гээд олны жишгийг дагаж байсан. Виз гараагүйгээс эхлээд өөр зүйл төлөвлөөд бодоод ирэхээр монголдоо амьдрах боломж байгаа юм байна гэдгийг харсан. Гол нь бизнесээ яаж гаргаж ирэх үү, яаж шинийг сэтгэх үү, яаж илүү хөдөлмөрлөх үү гээд, бусдыг унтаж байхад юм хий гэдэг шиг цаг бүрээ ашиглаад хийж чадах юм бол монголд сайхан амьдрах боломж байгаа л гэж харж байна” гэлээ.
Харин түүний нөхөр мөн Анар явуулын зоогийн газрыг үүсгэн байгуулагч Г.Энхбаяр, “Бид хоёр мөнгө цуглуулаад маш хямдхан портер авсан юм. Гэтэл тэр нь явж байхад унтраад асдаггүй. Энэ мэтчилэн хоёулхнаа түрээд л хөгжилтэй зүйл их болж байсан. Одоо бол портер маань зүв зүгээр хаашаа л бол хаашаа л явж байгаа. Янзлаад л “Анар” зоогийн газраа байгуулсан. Тогоочоор сурч байхдаа би Барс зах дээр ачигч хийгээд явж байсан. Тогоочоор сурч байхдаа би Барс зах дээр ачигч хийгээд явж байсан. Жаахан шороо тоостой хувцастай явахаар, гуйлгачин гээд л хажуугаар зөрөх хүмүүс холдоод л. Тийм байдалд байхдаа ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голно гэж хэзээ ч байхгүй. Ямар нэгэн байдлаар хичээж хөдөлмөрлөөд хийж чадаж л байвал амжилтад хүрнэ гэж бодсон. Одоо бол бизнесээ салбарлуулна гэж бодож байна. Дүүрэг хороо болгоноос маш их санал ирж байгаа. Амт, порцоо эрхэмлэн үйлчилдэг. Нэгдүгээрт амт порц, хоёрдугаарт зан харилцаа, гуравдугаарт үйлчилгээ гэж ярьдаг. Энэ гурвыг л их анхаардаг даа. Мөн цэвэрхэн байдлыг маш их анхаардаг. Ирж үйлчлүүлж байгаа хүмүүстээ баярлалаа. Манайхаар ирж үйлчлүүлээрэй” гэв.