Туул голын голдиролд зөвшөөрөлгүй шороо түрж далан үүсгэсэн гэх мэдээллийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авчээ.
Тодруулбал, БОАЖЯ-ны Салбарын хяналтын газарт дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Туул голын сав газрын захиргаанаас иргэний цахим хуудас дахь “Голын голдирол өөрчилж байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийлгэх хүсэлтийг ирүүлжээ.
Уг мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дотор наран шарлагын зориулалтаар төсөл хэрэгжүүлэгч нэр бүхий компани Туул голын голдиролд холбогдох байгууллагын зөвшөөрөлгүй шороо түрж, далан үүсгэсэн зөрчил илэрсэн байна.
Зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, тус компанийг 3,000,000 төгрөгөөр торгон зөрчлөө арилгатал үйл ажиллагааг нь түр зогсоосон болохыг БОАЖЯ мэдээлэв.