Шведийн эрх баригчид “Аврора 23” цэргийн сургуулилтыг даваа гарагаас эхлүүлж, хэдэн долоо хоног үргэжлэх “агаар, газар, далай”-н цэргийн сургуулилтийг хийнэ гэдгээ мэдэгдлээ. “Аврора 23” бол Шведэд сүүлийн 25 жил гаруйн хугацаанд болж байгаа хамгийн том цэргийн сургуулилт бөгөөд тавдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх юм. Сургуулилтад АНУ, Их Британи, Франц, Герман болон хөрш зэргэлдээ Скандинавын орнуудын цэргүүд мөн оролцож байна. Энэхүү сургуулилт нь Шведэд томоохон зэвсэгт халдлага болох үед цэргүүдийг бэлэн байлгах зорилготой гэж эрх баригчид илэрхийлсэн байна. Шведийн Зэвсэгт хүчний мэдэгдэлд "Бид түнш орнуудын цэргийн ангиудын хамт аюулгүй байдлыг бэхжүүлж, үүний зэрэгцээ Шведийн цэргийн үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлнэ" гэж мэдэгджээ.
Уг сургуулилт нь Шведийн өмнөд хэсэг болон стратегийн чухал ач холбогдолтой,Балтын тэнгисийн хамгийн том арал болох Готланд аралд голлон төвлөрөх аж. Швед улс НАТО-д элсэх хүсэлтээ жил гаруйн өмнө илгээсэн ч Туркийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Үүгээр зогсохгүй, хамт хүсэлтээ өгсөн Финланд улс НАТО-гийн гишүүн болоод сарын хугацаа ч өнгөрөөгүй байгаа. Тиймээс Швед улс аюулгүй байдлын баталгаагаа яаралтай хангаж эхлэх шаардлагатай болсон гэж шинжээчид таамаглаж байна.
SOURCE: DW