Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа.
Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдинням ““Тэрбум мод”-ны мэдээллийг сонслоо. Мод тарихыг бол чадаад байгаа юм. Ерөнхийлөгчийн санаачилгаар явж байгаа ажил эрчимтэй сайн явж байгаа. Харин нийслэлийн бүсэд байгаа ногоон байгууламжаа хэрхэн хамгаалж байгаа вэ гэдэг асуудал яригдана. Ялангуяа, Олон түмэнд Авлигал хороолол” гэж нэрлэгдээд, “Усан парк” нэрээр Улаанбаатараас газрыг нь аваад, БОАЖЯ, Засгийн газар нь “Хууль зөрчсөн” гэж мэдэгдээд байхад Туул голын ай сав газарт баригдаад үндсэндээ дуусаж буй барилгыг яах вэ. Улаанбаатар хотын захиргаанаас асуумаар байна. З.Төмөртөөмөө даргаас асууя. Яагаад энэ барилга баригдаад байгаа юм бэ. Энэ барилгатай холбоотой хоёр том дарга энд сууж байна. БОАЖ-ын сайд, Улаанбаатар хотын даргын орлогч сууж байна. Яг энэ асуудлыг хариуцсан хүмүүс.
Би яагаад энийг асуугаад байгаа вэ гэвэл, Туул голын мод, бут сөөгийг хядан, ундны усны ундарга дээр барилга бариад байна. Энхтайваны гүүрнээс зүүн чиглэлд баригдаж буй энэ барилгыг харсан хүмүүс… Дээшээх газрыг нь та нар олгочихсон л байх. Цаашид “Энэ барьж байгаа юм чинь би ч бас барина” гээд л нэгэнтэйгээ барьцана. Улаанбаатар хот усгүй болж байгаа. Энэ асуудал дээр З.Төмөртөөмөө дарга та хариулт өгнө үү” гэлээ.
Үүнд З.Төмөртөөмөө хариулахдаа “Дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга маань тодорхой хариулах байсан. Би нийгмийн салбар, ногоон байгууламж, агаар орчны бохирдлыг хариуцдаг. Миний хэлж чадах зүйл бол, нэгдүгээр энэ газар төмөр замын зурвас бүхий газар. Төмөр замтай зайлшгүй зөвшилцсөн байх ёстой. Хоёрдугаарт, хот байгуулалтын төлөвлөгөө, зураг батлах үйл явц Хот байгуулалт төлөвлөлтийн газар дээр заавал хийгддэг. Өнөөдрийн байдлаар НЗДТГ-аас олны хэлж заншсан “Авлига хороолол”-ыг зогсоох, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байна гэсэн мэдэгдлийг удаа дараа өгсөн. Хамгийн сүүлд Захиргааны хэргийн шүүх дээр тухайн компанийн талд гарсан. Хотын дарга цөөнгүй газрын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Гэвч захиргааны хэргийн шүүх дээр очоод энэ шийдвэр унадаг. Ийм л байдалтай асуудлууд яваад байдаг. “Авлига хороолол”-ыг нийслэлээс дэмжин, бариулж байгаа асуудал огт байхгүй” гэлээ.
Дараа нь Г.Дамдинням “Авлига хороолол” дээр дахиад асуулт байна. Улаанбаатарт газар авахад бүх газраас зөвшөөрөл авдаг. Энэ газарт барилга барихад БОАЖЯ дэмжсэн юм уу. Хэрвээ БОАЖЯ дэмжээгүй бол энд барилгын ажил эхлэхгүй байх байсан. Газрын зөвшөөрөл нь гарахгүй. Тэгэхээр зөвшөөрөл олгочихсон юм байна, тийм үү. БОАЖ-ын сайд, Хотын дарга “Барилгын ажлыг зогсооё” гээд байхад үргэлжлүүлээд байгааг юу гэж ойлгох уу. Засгийн газар, БОАЖЯ, Хотын захиргаанаас давсан эрх мэдэлтэй байна уу” гэж асуулаа.
Үүнд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Бодит үнэн нь яг ийм байна. Худлаа хэлэлтэй биш ямар. Энэ асуудал ганцхан энд биш. “Хан хиллс”-ийн хажууд баригдаж буй орон сууцтай холбоотой асуудал байна. Усны газраас “Усны тухай хууль болон холбогдох хууль, тогтоомжийг зөрччихсөн” гээд тогтоол, дүгнэлтүүд нь гарчихсан. Усны онцгой хамгаалалтын бүс 50 метр. 2016 оны дөрөвдүгээр сард хуралдсан НИТХ-ын хурлаар онцгой хамгаалалттай бүсийн заагийг нь болиулж байгаад зөвшөөрөл олгочихсон байна. Усны тухай хууль, Ойн тухай хууль мөрдөгдөхгүй байна” гэлээ.