Эрдэнэс Тавантолгойн БЭТ Б.Ганбат БЭТ-ийн хугацааг сунгах эсэх асуудалтай холбоотойгоор өнгөрсөн зургаан сарын хугацаанд хийсэн ажил, гарсан үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Засгийн газраас 2022 оны 10 дугаар 26-нд ЭТТ ХК дээр онцгой дэглэм тогтоосон. Үүний дагуу бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Зургаан сарын хугацаанд бид 1.3 тэрбум долларын үнэлгээтэй 13 сая тонн нүүрс борлуулсан байгаа. Үүн дээр хоёр янзын тоо байгаа юм. Нэг нь 10 дугаар сарын 26-наас өнөөдрийг хүртэл 800 сая ам.долларыг бэлэн оруулж ирсэн. Мөн урьдчилж олсон орлого буюу дараа нь нүүрсний төлбөрийг хийх 270 сая ам долларын өрийг барагдуулсан. Төмөр замтай холбоотой гэрээн дээр 200 гаруй сая ам долларын өр төлбөрийг гүйцэтгэсэн. 800 сая ам долларыг бэлнээр оруулж ирнэ гэдэг нь энэ хэмжээгээр валютын орох урсгал нэмэгдсэн гэж дүгнэж байгаа.
Энэ оны нэгдүгээр улиралд бид 440 сая ам долларыг оруулж ирсэн. Эхний улиралд 7.5 сая тонн нүүрс борлуулсан гэсэн үг. Үүний үнэлгээ нь 795 сая ам доллар.
ЭТТ хэвийн хүчин чадлаараа ажиллаад явахад сард 2.5 сая тонн нүүрс борлуулах бололцоотой гэдгийг сая өнгөрсөн зургаан сард харууллаа. Цаашид энэ үйл ажиллагаагаа идэвхжүүлнэ. Эхний улирлын эрчээрээ явах юм бол энэ оны сүүлээр 30 сая тонн нүүрс борлуулж чадахаар байгаа. Нөгөө талд ЭТТ ХК 13 жилийн түүхтэй. Сайн нүүрс борлуулж ирсэн. Яг уурхайн нөхцөл байдлын хувьд эрчим хүчний сул коксжих нүүрс их байна. Тэгэхээр ЭТТ ХК-иас гарч байгаа бүх бүтээгдэхүүнээ зардаг болъё гээд зорилт тавьж байгаа” гэлээ.