Ариг банк нийлүүлэлтийн сүлжээний бизнес эрхлэгч, ханган нийлүүлэгчдийг дэмжих зорилгоор уян хатан нөхцөлтэй зээлийн бүтээгдэхүүнийг шинээр гаргаад байна. Тус банк эхний удаад ‘’Номин Холдинг’’ ХХК компанийн ханган нийлүүлэгчдэд энэхүү зээл авах боломжийг олгож байгаа юм байна.
Тухайлбал 2000 оноос хойш “Номин Холдинг”ххк-ийн бэлтгэн нийлүүлэгчээр ажиллаж байгаа хүнсний ууган үйлдвэрүүдийн нэг “Суман Гүн” компани сар шинийн баярын өмнө "Ариг банк”-ны’ ханган нийлүүлэгчийн шуурхай зээлд хамрагдсанаар захиалгын оргил үедээ "Өлзий" хэвийн боов болон бусад бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэж, эргэлтийн хөрөнгөө нэмэгдүүлж чаджээ.
"Суман гүн" компанийн менежер М.Цэлмэг “Бид энэхүү ханган нийлүүлэгчийн зээлд маш боломжийн нөхцөлтэйгөөр хурдан хамрагдаж чадсан. Энэ нь бидэнд маш том боломж бий болгосон. Энэ зээлд хамрагдсанаар сар шинийн баярын эрэлт хэрэгцээтэй үед үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлэхэд маш том дэмжлэг, туслалцаа үзүүлсэн. Үүнд бид маш баяртай байна” гэв.
Шинээр гаргасан ханган нийлүүлэгчийн шуурхай зээл нь сарын 1.6% хүүтэй, 60-90 хоногийн хугацаатай бөгөөд үл хөдлөх хөрөнгийн барьцаа шаардахгүйгээр 100 сая төгрөг хүртэлх зээлийг авах боломжтой гэдгээрээ давуу талтай юм.
Ариг банкны бизнес хөгжлийн газрын захирал Б.Оюунцэцэг “Эхний ээлжинд бид “Номин холдинг” компанитай хамтран зээлийн үйлчилгээгээ хүргэж байна. Зээл авах ААН нь тус компанид хоёроос доошгүй жил хамтран ажилласан бизнес эрхлэгч байх ёстой. Мэдээж, бусад банк санхүүгийн байгууллагад тавьдаг шаардлагын дагуу хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өрийн үлдэгдэлгүй байх ёстой. Эдгээр шалгуурыг хангаж байвал та Ариг банкны аль ч салбар нэгж дээр очоод энэхүү зээлийг авах боломжтой” гэсэн юм.
Түүнчлэн, үл хөдлөх хөрөнгө болон автомашин барьцаалсан хүү багатай зээлийг ч санал болгож байгаа юм байна. Ингэхдээ сарын 1.7% хүүтэйгээр 200 хүртэлх сая төгрөгийг зээлэх боломжтой. Үүнээс гадна, “Номин Холдинг” компанийн бэлтгэн нийлүүлэгч иргэд, ААН-д зориулан “Номин” бизнес картыг гаргаад байна. Ингэснээр бэлтгэн нийлүүлэгчид дан ганц бага хүүтэй зээл аваад зогсохгүй, олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг авч, хөнгөлөлт эдлэх боломж бүрдэж байна.
Ариг банкны дижитал банкны газрын захирал Б.Мандуул “Банкны зүгээс харилцагч хэрэглээндээ тохируулан кредит болон дебит гэсэн хоёр сонголттой картыг санал болгож байна. Кредит картыг авбал хамгийн бага хүү эдлэх боломжтой. Мөн картыг авснаар Ариг банкны VIP салбараар үйлчлүүлэх боломжтой. “Номин Холдинг”-ийн зүгээс салбар компаниудаар бүгдээр нь үйлчлүүлэх эрх олгоно. Мөн бонус оноог 10 хүртэлх хувиар эдлэх, барааг бүгдийг нь бөөний үнээр авах боломжтой бөгөөд “Номин Холдинг”-ийн Мерчиндайзнгийн нэмэх үйлчилгээнүүдэд бонус оноог ашиглах боломжтой” гэв.
Ийнхүү Ариг банк бизнес эрхлэгчдэд уян хатан таатай нөхцөл бүхий бүтээгдэхүүүн үйлчилгээг санал болгонтэдгээрийн бизнесийг дэмжиж, эдийн засагт бодит хувь нэмрээ оруулсаар байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.