Хэдхэн хоногийн өмнө Сингапур улсад болсон спорт өрөлтийн ДАШТ-д 58 настай Д.Гандолгор зээ хүүгийн хамт оролцон, зургаан медаль хүртлээ. Хүүгээ бэлтгэлд нь зөөж байгаад энэ спортод дурлаж, хичээллэсэн тэрбээр нас бол зүгээр л тоо гэдгийг амжилтаараа баталж, олон, олон хүнд үлгэрлэлээ. Хоёрдугаар сараас хойш тууштай бэлтгэл хийгээд ДАШТ-д оролцон, медаль хүртсэн түүнтэй хүүгийнх нь хамт уулзаж, ийн ярилцлаа.
Д.Гандолгор “Би гурван төрөлд шилдэг аравт орж, гурван медаль хүртсэн. Манай хүү мөн гурван төрөлд оролцоод, гурван хүрэл медаль авлаа.
Шагнал гардуулахад Монгол Улс гэж зарлахад сэтгэл их хөдөлж, огшлоо. Медаль авах мөчид зээ хүүгээ бодлоо, бахархлаа. Гэр бүл, аав, ээж, бүхий л зүйл бодогддог юм байна лээ. Хоёр сар тууштай хичээллэн ДАШТ-д оролцоод медаль авсандаа маш их баяртай байна. Өөрийн эрхгүй нулимс урслаа.
Хүүгээ Монголын оюун ухааны академи руу, спорт өрөлтийн бэлтгэл рүү нь зөөгөөд, дагаж явж байгаад энэ спортод дурлаж хичээллэсэн. Манай хоёр зээ, нэг хүү маань спорт өрөлтөөр хичээллэдэг. Би хоёрдугаар сараас хичээллээд ДАШТ-д оролцох эрх авсан.
“Би чадна. Өөртөө итгэлтэй байна” гэсэн бодол төрдөг юм байна лээ. Өөрийгөө настай гэж би огт бодоогүй, эргэлзээгүй. Нас бол зүгээр л тоо гэдгийг өөрийн биеэр мэдэрлээ. Тэтгэвэрт гарч буй хүмүүст хандаж хэлэхэд, спорт бол нас харгалзахгүй сайхан зүйл байдаг юм байна” гэв.
З.Эрдэнэбаяр “Эмээтэйгээ хамт ДАШТ-д Дархан-Уул аймгаас оролцлоо. Би 14 настай. Эмээтэй хамт ДАШТ-д өрсөлдөн, зургаан медаль хүртсэндээ баяртай байна. Манай эмээ спорт өрөлтөөр тууштай хичээллээд медаль авснаар нь бахархаж байна. Эмээ маань миний бахархал.
Би спорт өрөлтөөр 2016 оноос хойш хичээллэж байгаа. Гаргасан амжилтууд гэвэл зөндөө бий. Улсын аварга, улирлын аваргууд, Төвийн бүсийн аваргын олон медальтай. Ер нь нийт 50-60 медаль надад бий. Тал нь, 20-30 нь спорт өрөлтийн тэмцээний медаль” гэлээ.
-Эмээ, хүү хоёр хоорондоо өрсөлддөг үү. Хэн нь ихэвчлэн ялдаг вэ?
-Манай хүү ялдаг. Хүү минь үнэхээр мундаг. Авьяастай, хичээл зүтгэлтэй. Би хичээж байгаад хүүгийнхээ зиндаанд хүрнэ гэж бодож байгаа. Залуучууд, хүүхдүүд, бүх хүнд хандаж хэлэхэд, бүгдээрээ энэ спортоор хичээллээрэй. Нас бол тоо гэдгийг би сая өөрийн биеэр мэдэрлээ. Бүгдэд нь амжилт хүсье.