Монгол-Солонгосын политехник коллежийн гагнуурын ангийн багш н.Содоо сурагчдаа зоддог, дээрэлхдэг, алгаддаг гэсэн мэдээллийг сурагч бидэнд гурван долоо хоногийн өмнө явуулсан юм. Тэр ч бүү хэл нэг сурагчийн чихний хэнгэргийг хагартал алгадсан талаар хэллээ. Ингэхдээ тухайн багш хүүхдүүдийг жагсаан алгадаж буй бичлэгийн хамт илгээсэн. Гэсэн ч сурагчдыг зодож, дарамталдаг багшид өнөөдрийг хүртэл сургуулиас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Бид энэ асуудалтай холбогдуулан сургуулийн сургалтын менежерээс тодруулга авахыг хүсэхэд, ёс зүйн хороо удахгүй хуралдана. Үүний дараа нэгдсэн тайлбар мэдээлэл өгнө гээд тайлбар өгөхөөс татгалзав. Мөн асуудалд холбогдсон багш н.Содоогоос тодруулахад, “хүүхдүүдтэй ёс бус харьцсан удаагүй. Хүүхдүүдийг алгадаж байгаа бичлэгийн тухайд, хүүхдүүд өөрсдөө болохгүй зүйл хийсэн учраас хариу арга хэмжээ авсан нь энэ” гэж тайлбарлалаа.
Асуудлын талаар Монгол-Солонгосын политехник коллежийн сургалтын менежер Б.Баттогтохоос тодруулсан нь:
-н.Содоо багш сурагчдыг зодсон талаар та мэдэж байгаа юу?
-Тийм. Ёс зүйн хурлаа өнөөдөр чадвал зарлана.
-21 хонож байхад яагаад өнөөдөр хуралдах гэж байна вэ?
-21 хоног бол зодсоноос хойш хугацаа. Бид өнгөрсөн долоо хоногт л мэдсэн.
-Тухайн багш, багшлах эрхтэй юу?
– Бид сонгон шалгаруулалтаар, шалгуур шаардлага хангасан багшийг авдаг.
-Та өөрөө багштай уулзсан уу? Яагаад ийм асуудал гарсан бэ?
-Манай арга зүйчид уулзсан.
-Содоо багш хэр удаан ажиллаж байгаа вэ?
-Гурван сар болж байгаа.
-Шинэ багш хүүхдүүдээ зодсон асуудал гарч байхад яагаад одоог хүртэл арга хэмжээ аваагүй байгааг тайлбарлаач?
-Өнөөдөр хурал хийгээд та бүхэнд мэдээлэл өгье.
-Өнөөдөр хэдэн цагаас хурал хийх вэ?
-Хурлаа хийхээр л болъё.
Харин Монгол-Солонгосын политехник коллежийн гагнуурын багш н.Содоогоос,
-Сурагчид танд алгадуулж зодуулдаг талаараа манай сайтад мэдээлсэн. Та тайлбар өгөх үү?
-Тайлбар өгөхгүй ээ.
-Яагаад өгөхгүй билээ. Та хэр удаан багшилж байгаа вэ?
-Зургаан сар.
-Та яагаад хүүхдүүдтэй ёс бус харьцаад байдаг юм бэ?
-Ёс бус харьцдаг зүйл байхгүй.
-Танд багшлах эрх гэж бий юу?
-Байгаа. Биед нь халдсан зүйл байхгүй.
-Сурагчийн хэнгэрэг хагарсан гэдэг мэдээлэл ирсэн. Энэ үнэн үү? Та тайлбар хэлээч?
-Та нар хүний ажлын цаг тарсан тохиолдолд юм аа ярь.
-Хүүхдүүдтэй ёс бус харьцаагүй. Сурагчдыг зодоогүй гэсэн үг үү?
-Тийм.
-Бичлэгийг юу гэж тайлбарлах вэ?
-Тэр бичлэг бол… Хүүхдүүд ямар үйлдэл хийснээ мэдэхгүй байна. Өөрсдийнхөө эрхийг мэдэж эдлэх гэж байгаа бол үүргээ ухамсарлах хэрэгтэй.
-Хүүхдүүд ямар үйлдэл хийсэн бэ?
-Ангид тамхи татсан, зодоон хийсэн.
-Хүүхдүүд буруу зүйл хийсэн гээд гар хүрэх нь зөв үү?
-Тийм зүйл байхгүй.
Бид өмнө нь мөн Монгол-Солонгосын политехник коллежийн дотуур байрны хоолны асуудлаар сурвалжилж байсан. Тэгэхэд мөн сургалтын менежер тайлбар өгөхөөс татгалзаж, надад хамаатай зүйл биш. Би сургалтын албаа хариуцдаг гэж байсан. Бид энэ удаа сургалтын албатай холбоотой асуудлаар тайлбар авахаар ирэхэд дахин татгалзлаа.