Украйны эзлэгдсэн бүс нутгаас Орос руу аваачсан байсан Украин хүүхдүүдийг буцаан авчрах ажиллагааг удаан хугацаанд явуулсны эцэст энэ долоо хоногт 30 хүүхэд гэр бүлийнхэнтэйгээ уулзлаа гэж хүмүүнлэгийн бүлэг мэдэгдлээ.
Өнгөрсөн оны хоёрдугаар сард дайн эхэлснээс хойш 19500 орчим хүүхдийг Орос руу аваачсан гэж Украины албаныхан тооцоолж байгаа бөгөөд энэ үйлдлийг хууль бусаар албадан гаргасан гэж буруушааж байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт "Украиныг аврах" хандивын байгууллагаас хүүхдүүд болон тэдний төрөл төрөгсөд Украины хяналтад байдаг нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэсэн байна.
Бичлэгээс харахад чемодан, цүнх үүрсэн хүүхдүүд явганаар хил давж, дараа нь автобусанд суужээ. “Одоо тав дахь аврах ажиллагаа дуусч байна. Буцаж ирсэн нийт хүүхдийн тоо болоод аврах ажиллагааны ярвигтай байдлыг харьцуулахад томоохон амжилт гэж харагдаж байна" хэмээн “Украиныг аврах” байгууллагын үүсгэн байгуулагч Микола Кулеба хэлжээ. Түүнчлэн Микола Кулеба өнөөг хүртэл хандивын байгууллагын аврах ажиллагааны хамгийн хэцүү хэсэгт байсаар ирсэн хүүхдүүдийн ээж нарыг “баатар” хэмээн сайшаан онцолжээ.
Эх сурвалж: AL JAZEERA