Автомашинаар нэгнээ мөргөж, хүнд гэмтээсэн осол Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт 2021 оны долдугаар сарын 21-ний өдөр гарч байв. Эл хэргийг шүүхээр шийдвэрлэжээ.
Тодруулбал, иргэн Д нь С, Т, Ч нарыг тээврийн хэрэгслээр дайрч алахыг завдсан, эрүүл мэндэд нь хохирол учруулсан.
Мөн М, О, Э нарын нэр бүхий 9 иргэн бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчиж бусадтай зодолдон, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх хэрэгт Дорнод аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.6 /Хүнийг алах/, 20.16 дугаар зүйлийн 1 /Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс тус хэргийг энэ оны гуравдугаар 31-ний өдөр хянан хэлэлцээд, иргэн М, О, Э нарын нэр бүхий 9 хүнийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцон хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэв.
Харин иргэн Д-г олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Эх сурвалж: УЕПГ